ӨВӨРХАНГАЙ: Цас ихтэй сумдын малчин өрхийн гишүүдийн мэдээллийг нарийвчлан гаргаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-01-25 06:33:05

Арвайхээр, 2024 оны нэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссын Шуурхай штабаас сумдын Засаг дарга нартай цахим хурал хийлээ.  


Хурлаар сумдын өвөлжилтийн нөхцөл байдлын мэдээллийг сонсож, малын гоц халдварт хонь, ямааны цэцэг өвчний тархалттай холбогдуулан хорио цээр, хязгаарлалтын дэглэмийг чангатгах, хөдөлгөөнт эргүүл нэмэх, урьдчилан сэргийлэх талаар үүрэг чиглэл өглөө.


Энэ жил Өвөрхангай аймгийн 112 багт 9699 хот айлын 17835 малчин өрхийн 4.7 сая толгой мал өвөлжиж, хаваржуулахаар бэлтгэл зохион байгуулалт хийсэн. Одоогоор есөн сумын 154 өрхийн 51869 толгой мал гадны 14 аймгийн 31 суманд отор нүүдэл хийж байна. Мөн аймаг дотроо 10 сумын 346 өрхийн 101131 толгой малыг отроор өвөлжүүлж байгаа юм.


Бат-Өлзий, Уянга, Зүүнбаян-Улаан, Хужирт, Хархорин, Есөнзүйл, Өлзийт сумын ихэнх нутаг, Баян-Өндөр сумын хойд хэсгээр цасны зузаан 15-35 см, хунгар газраа 90 см хүртэл зузаарч хатуурсан тул дээрх сумдын малчин өрхийн 5 хүртэлх настай хүүхэд, өндөр настан, жирэмсэн болон хөхүүл эх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн судалгааг нарийвчлан гаргаж, шаардлагатай тусламж дэмжлэгийг хүргэж байгаа аж.

Холбоотой мэдээ