БАЯНХОНГОР: Өвөлжилт хүндэрч, малын зүй бус хорогдол нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-01-26 10:29:15

Баянхонгор, 2024 оны нэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын нийт нутаг дэвсгэр 15-35 см цасан бүрхүүл тогтон, агаарын температур олон жилийн дунджаас 1.1 градусаар илүү хүйтэрч байна.


Тус сум зудын "маш их" эрсдэлтэй гэж үнэлэгдэн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжжээ. Малын өвс тэжээл хомсдож, цасан бүрхүүл зузаарч, цаг агаар эрс хүйтэрч байгаатай холбоотой малын хорогдол 933 толгойд хүрээд байгааг сумын удирдлагууд мэдээлэв.


Нөхцөл байдалтай холбогдуулж энэ сарын 24-нөөс эхлэн зах зээлээс өвс 18 тн, хөнгөлөлттэй үнээр 30 тн тэжээл татан авч, малчдад хүргэн ажиллаж байгаа аж. Өнөөдрийн байдлаар тэжээл 12 мянга, өвс 25 мянган төгрөгийн үнэтэй худалдаж байна.



Тус сумын хувьд хамгийн их хүйтэрдэг уур амьсгалтай бөгөөд өвөлдөө хөрсөн дээр 42 градусаас дээш, өдөртөө -20, шөнөдөө -40 градусаас дээш хүйтэн байдаг онцлогтой.


444.2 мянган га бэлчээр нутагтай, нутгийн эргэн тойрны хилийн урт 270 км, аймгийн төвөөс 260 км, Улаанбаатар хотоос 900 км алслагдсан. Баянбулаг, Хүрээмарал, Заг, Жаргалант, Завхан аймгийн Отгон сум, Архангай аймгийн Цахир, Хангай сумтай хиллэдэг. Сумын нутаг дунджаар далайн түвшнээс 2000 метрээс дээш өндөрт өргөгдсөн учир жилийн дөрвөн улиралд сэрүүний хугацаа ихтэй, эрс тэс уур амьсгалтай цэвдэг хөрстэй хангайн бүсэд оршдог.

Сумын хэмжээнд 352 мянга орчим мал өвөлжиж байна.

Холбоотой мэдээ