ХӨВСГӨЛ: Сар шинийн баяраар өмсөх, хүүхдийн хантааз эрэлт ихтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-01-26 16:25:56

Мөрөн, 2024 оны нэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/.  Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй ээжүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой бүлэг байгуулан ажиллаж байна.


Бүлэг болон ажиллаж буй эхчүүд сар шинийн баяраар өмсөх хүүхдүүдийн дулаахан загварлаг хантааз, дээл, цамцан дээр зүүж болох бүс зэргийг урлаж байгаа нь маш их эрэлттэй байгааг Хөвсгөл аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн дарга Ц.Оюун-Эрдэнэ хэлж байна.



Эхчүүд шинэ жилийн баяраар давс, цаас болон даавуун урлалаар хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байгальд ээлтэй,  олон хэлбэрээр ашиглах боломжтой цаасан бэлгийн уут, хүнсний зориулалттай уут, даавуун бэлгийн уут, давсаар цэцэг, бэлэг дурсгалын зүйлс зэргийг үйлдвэрлэн зах зээлд борлуулж орлогоо нэмэгдүүлсэн байна.


Хөвсгөл аймаг 136 мянга гаруй хүн амтай бөгөөд 6002 буюу 4,4 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий гэсэн тоон үзүүлэлт байдаг.


Тухайн иргэдийн 5,1 хувь нь төрийн болон аж ахуйн нэгжид хувиараа хөдөлмөр эрхэлдэг ажээ.

 

Холбоотой мэдээ