ӨМНӨГОВЬ: Монголын тэмээн соёлыг олон улсад сурталчлан таниулах нь чухал байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬДаланзадгад, 2024 оны хоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж Австралийн Холбооны Улс болон Испанийн Хаант Улсын тэмээн холбооны төлөөллүүдтэй хамтран ажиллахаар боллоо.
НҮБ-аас 2024 оныг олон улсын
"Тэмээ хамгаалах жил" болгон зарласан. Монгол Улс нь Дэлхийн болон Азийн
тэмээн холбоог үүсгэн байгуулагч орнуудын нэг билээ.
"16 түмэн тэмээний баяр"-ыг хоёрдугаар сарын 1-3-ны өдөр зохион байгуулж, тус баярт Австралийн Холбооны Улс болон Испанийн Хаант Улсын тэмээн холбооны тэргүүн, бусад албаны зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцлоо.
Өмнөговь аймаг 2023 оны мал тооллогоор 157.2 мянган тэмээ тоолуулж ирэх хаврын ботготойгоо нийлээд 160 мянга буюу 16 түмэн тэмээтэй болж байгаа учраас энэ удаагийн тэмээний баярыг "16 түмэн тэмээний баяр" хэмээн нэрлэжээ.
Тэмээний баярын үеэр Өмнөговь аймгийн Засаг дарга, Монголын тэмээн соёл
уралдааны холбооны тэргүүн Р.Сэддорж Австралийн Холбооны Улсын тэмээ үржүүлэгчид ба уралдааны
холбооны ерөнхийлөгч Макхүю Патрик Жосэф болон Испанийн Хаант Улсын “Евекан” тэмээн соёл, аялал жуулчлал, энтэртайнмент компанийн ерөнхийлөгч Рубен Матанза нартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Уг санамж бичигт говийн бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, бүс нутгийн тэмээчид, малчид болон тэмээний түүхий эдээр худалдаа үйлчилгээ эрхэлдэг хувь хүн, аж ахуйн нэгжийг дэмжих, Австрали болон Испани улс зэрэг олон улсын жуулчдыг аялах боломжийг бүрдүүлэх зэрэг асуудлыг тусгажээ.
Испанийн Хаант Улсын “Евекан” тэмээн соёл, аялал жуулчлал, энтэртайнмент компанийн ерөнхийлөгч Рубен Матанза:
-Монгол Улсад анх удаа ирж байна. Үнэхээр сайхан санагдаж байна. Төрөлх нутаг Испанидаа тэмээ болон бусад олон амьтныг оролцуулан энтертаймент фестивалиудыг зохион байгуулдаг. Ер нь зарим улс оронд тэмээтэй холбоотой өв соёлоо орхигдуулж бүр мартагдсан байгаа. Гэтэл Монголд ирээд тэмээний өв соёлоо хадгалж үлдээж чадсан, хойч үедээ өвлүүлэн хөгжүүлж байгааг хараад бахархаж байна. Их гайхалтай. Энэхүү хадгалагдаж үлдсэн өв соёлоо бусдад түгээхийн тулд илүү цар хүрээтэй олон улсад үүд хаалгаа нээж сурталчлан таниулах нь зүй ёсны үйл хэрэг юм. Тэгж байж мартагдсан, алдагдсан соёлоо харж мэдэх боломжтой болно. Үнэхээр бахдам өнө эртний өв соёлтой ард түмэн юм. Энэхүү гайхамшигт үйл ажиллагаанд албан ёсоор урьсан Монголын тэмээн холбооны хамт олон Р.Сэддорж даргад маш их баярлалаа. Монгол яг миний гэр шиг тун сайхан санагдаж байна.
Австралийн тэмээ үржүүлэгчид ба уралдааны холбооны ерөнхийлөгч Макхүю Патрик Жосэф:
-Өмнө нь өөр олон улсад тэмээний баярт оролцож байсан. Монголд болж байгаа энэ баяр шиг ийм сонирхолтой баярыг үзэж байгаагүй. Гадныхан тэмээг амьтан мах сүү ашиг шим талаас нь хардаг бол монголчууд тэмээг амьтан гэдэг талаас нь огт хардаггүй. Тэмээ бол тэдний амьдралынх нь нэг хэсэг болсон байдаг юм байна.
Тэмээтэй холбоотой бүхэл бүтэн нэг ертөнц амьдрал бий болжээ. Тэмээгээ уралдуулж, ачаа хөсөгт ашиглах гээд бүхий л зүйлдээ хэрэглэж байна. Тэмээг ганц Австрали гэхгүй дэлхий дахины хүмүүст үзүүлж таниулахыг хичээх болно. Энэ бол танигдаж мэдэгдэх ёстой маш чухал соёл юм. Үнэхээр аз жаргалтай сайхан мөч байлаа. Та бүхэндээ баярлалаа.