Маргаашийн тоглолтод оролцох эсэхдээ Л.Месси эргэлзсээр байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-02-06 17:13:47

МОСКВА, 2024 оны хоёрдугаар сарын 6 /РИА Новости/. Хоёрдугаар сарын 7-ны өдөр буюу маргааш Японы “Виссел Кобе” багтай хийх нөхөрсөг тоглолтод оролцоно гэдэгтээ итгэлтэй бус байгаагаа “Интер Майами” клубын тоглогч Лионел Месси илэрхийлжээ.


Ням гарагт болсон нөхөрсөг тоглолтод “Интер Майами” баг Хонконгийн шигшээ багийг 4:1 харьцаагаар хожсон билээ. Тоглолтын туршид Месси сэлгээний тоглогчдын сандалд суусаар байсан нь түүний өвдөгний дорх шөрмөс сунасантай холбоотой байжээ. Мөн “Ливерпүүл”, “Барселона” багуудад тоглож байсан довтлогч Луис Суарес талбайд гарч ирсэнгүй. Тоглолтыг үзэхээр 1000 хонконг доллароор /125 ам.доллар/ тасалбар худалдан авсан хөгжөөн дэмжигчид Месси талбайд гарч ирээгүйд бухимдан хашгиралдаж байлаа.


“Би тоглож чадах эсэхээ мэдэхгүй байна. Миний биеийн байдал илт дээрдсэн тул талбайд гарч чадах байх хэмээн найдаж байна. Өнөөдөр үдээс хойш манайхан бэлтгэл хийнэ, би хичээх болно” гэж Месси ярьсныг RMC Sport суваг дамжуулжээ.


Өмнө нь хоёрдугаар сарын 1-нд “Интер Майами” баг Саудын Арабын “Аль-Насра”-тай хийсэн нөхөрсөг тоглолтод 0:6 харьцаагаар хожигдсон билээ. Энэ тоглолт “Алтан бөмбөг” шагналын эзнээр 8 ба 5 удаа тодорч байсан Лионел Месси, Криштиану Роналду нарын халз өрсөлдөөн болно хэмээн сурталчилж байсан боловч Месси 83 дахь минутанд сэлгээгээр талбайд гарч, харин Роналду огт үзэгдсэнгүй.


“Саудын Арабт болсон эхний тоглолтын үеэр миний татах булчин нэг л биш байгааг би мэдэрсэн. Дараа нь “Аль-Насра”-тай хийсэн хоёрдахь тоглолтод сайн тоглохыг хичээлээ. Үүний дараа MRI шинжилгээ өгөхөд ямар нэгэн ноцтой зүйл илрээгүй, гэхдээ биеийн байдал нэг л таагүй байсан. Хол газарт очиж тоглох үед би тухайн тоглолтод оролцохыг ямагт хичээдэг. Дараагийн удаад Хонконгт тоглох боломж олдоно гэдэгт найдаж байна” хэмээн нэрт хөлбөмбөгчин ярилаа.     

Холбоотой мэдээ