Аймаг, сумдын шилдэг салбар холбоо, дэвжээг тодрууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-02-09 18:51:08

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбооноос туулай жилийн аймаг, сумын шилдэг салбар холбоо, шилдэг дэвжээ, ивээн тэтгэгчдийг луу жилийн босгон дээр тодрууллаа.


Туулай жилийн аймгийн шилдэг холбоогоор аймгийн төв болон сумдад албан ёсны уламжлалт болон тойргийн 20 орчим барилдаан зохион байгуулж, жил бүрийн барилдааны хуваарь, ажлын төлөвлөгөөг батлан мөрдүүлж ажилладаг Ховд аймгийн үндэсний бөхийн холбоо, сумын шилдэг холбоогоор жил бүр тогтмол 20-30 барилдаан зохион байгуулж, сум аймгийнхаа бөхчүүдийг тогтмол бэлтгэл сургуулилалтад хамрагдах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж буй, Монгол Улсад анхны бөхийн өргөөтэй сум Өвөрхангай аймгийн Уянга сумын "Тайлган Шарав" холбоо, шилдэг дэвжээгээр шинээр цол хүртсэн бөхчүүдээ бодитой урамшуулж, Төв аймгийнхаа бүх сумын эрэгтэй хүүхдүүдийг зодог шуудагтай болгох аяныг зохион байгуулж, амжилттай хэрэгжүүлж буй Төв аймгийн “Дүнжингарав” бөхийн дэвжээ тус тус шалгарч, МҮБХ-ны өргөмжлөл, үйл ажиллагаа зохион байгуулах таван сая төгрөгийн эрхийн бичгээр шагнуулав.


Мөн шилдэг ивээн тэтгэгчээр “Нэгдэл” клубийн захирал Б.Батзоригийг тодруулж, МҮБХ-ны талархал хадгалууллаа. Шагналыг МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав, дэд тэргүүн О.Балжинням нар гардуулж, баяр хүргэв.



Холбоотой мэдээ