Бүх төрлийн тээврийн орлого 52.1 хувиар нэмэгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн онд бүх төрлийн тээврээр 102.3 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оныхоос 41.5 (68.2 хувь) сая тонноор нэмэгдлээ.
Энэ өсөлтөд авто тээврээр тээсэн ачаа 36.9 (2.1 дахин) сая, төмөр замаар тээсэн ачаа 4.6 (16.7 хувь) сая тонноор нэмэгдсэн нь нөлөөлжээ. Бүх төрлийн тээврээр 2023 онд 147 сая хүн (давхардсан тоогоор) зорчсон нь өмнөх оныхоос 705.6 (0.5 хувь) мянган хүнээр нэмэгдсэн байна. Зорчигчийн тоо өсөхөд агаарын тээврээр зорчигч өмнөх оныхоос 87.7 хувиар өссөн нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Бүх төрлийн тээврээр тээсэн ачаа өнгөрсөн оны сүүлийн улиралд, өмнөх улирлынхаас 2.3 (8.3 хувь) сая, зорчигч 2.6 (7.3 хувь) сая хүнээр нэмэгдлээ. Бүх төрлийн тээврийн орлого 2023
онд 6.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оныхоос 2.3 (52.1 хувь) их наяд төгрөгөөр өсжээ.
Үүнд авто замын тээврийн орлого 1.5 ( 74.3 хувь) их наяд, агаарын тээврийнх 428.9 (83.6 хувь) тэрбум, төмөр замын тээврийнх 376.7 (50.3 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн аж.