Ичиножёо А.Ичинноров зодог тайллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-02-13 10:11:23

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. “Монголын үлэмж биет” хэмээн мэргэжлийн сүмогийн ертөнцөд алдаршсан сэкивакэ Ичиножёогийн А.Ичинноровын зодог тайлах, магэ үстэйгээ салах ёслол боллоо. Ирээдүйн озэки, ёкозүна гэгдэж байсан тэрбээр өнгөрсөн оны тавдугаар сард нурууны бэртлийн улмаас гэнэт зодог тайлах шийдвэр гаргасан нь сүмо сонирхогчдыг цочроосон.


Түүний энэ шийдвэрээс болж багш нь тангараг тасарсан бөгөөд зодог тайлах ёслолд Минато ояката болон тус дэвжээнээс нэг ч хүн ирээгүй аж. Ичиножёогийн үсэнд 400 хүн хайч хүргэсэн, Монголоос аав ээж, дүү нар нь ирж, монгол сүмочид олноор цугларсан байна.


Хамгийн сүүлд ояката нь хайчлах ёстой магэ үсийг энэ удаад “Тоттори Жёохокү” сургуульд анх сүмо заасан багш Ишиүра нь гүйцэтгэлээ. Ичиножёо нулимс асгаруулан “Янз бүрийн бодол толгойд орж ирээд тэссэнгүй уйллаа” гэж сэтгүүлчдэд ярьжээ. Зодог тайлснаасаа хойш есөн сар өнгөрч байгаа ч магэ үсээ авхуулах хүртэл дараагийн амьдралаа бодох зав байгаагүй гэнэ.


2014 оны Хацү башёд макүшитагийн 15-аас барилдаж, тэр жилийнхээ намрын тэмцээнд дээд зиндаанд ёкозүна Какүрюүг унагааж олныг гайхшруулсан бөх тэрбээр ердөө есөн жил сүмод барилджээ. Мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд нэг, жюүрёод хоёр түрүүлснээс гадна тусгай шагналыг дөрвөн удаа хүртсэн юм. 













Холбоотой мэдээ