ДУНДГОВЬ: Говийн гурван аймгийн шагайн харваачид цэц мэргэнээ сорилоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-02-19 11:59:27
altantogos

Мандалговь, 2024 оны хоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн сар шинийн баярт зориулсан “Говийн гурван аймгийн шагайн харваа”-ны нээлтийн харвааг Дундговь аймгийн Мандалговь хотноо энэ сарын 17-нд зохион байгуулж, 42 багийн 330 гаруй харваач цэц мэргэнээ сорилоо.


Жил бүр Дундговь, Өмнөговь, Дорноговь аймаг сар шинийн баярт зориулсан Шагайн харвааг аймгийн Засаг даргынхаа ивээл дор тус тусдаа зохион байгуулдаг байсан бол энэ жил өргөжүүлэн хамтран зохион байгуулж байгаа юм.


Нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр, Монголын Шагайн харвааны холбооны ерөнхийлөгч, Монгол Улсын үлэмж дархан мэргэн, спортын мастер Ш.Отгонбаяр, Дундговь аймгийн Шагайн харвааны салбар зөвлөлийн тэргүүн, хошой мэргэн Ц.Отгонбаяр, тус аймгийн Биеийн тамир спортын газрын дарга, аймгийн гарамгай мэргэн А.Отгонбаатар болон холбогдох албаны хүмүүс оролцжээ.


Энэ үеэр Монгол Улсын “Хүндэт харваач” цолоор шагнуулсан хошой мэргэн Г.Тулгад шагналыг гардуулж, болзол хангасан харваачдад “Аймгийн гоц мэргэн”, “Аймгийн хошой мэргэн” цол, зэргийг гардуулсан юм.


“Аймгийн гоц мэргэн” цолоор Өлзийт сумын харваач Ж.Мөнхөө, Т.Отгонбаяр, Сайнцагаан сумын харваач Д.Баттөгс, Дэлгэрцогт сумын харваач Б.Хатанбаатар, Говь-Угтаал сумын харваач Г.Төрмөнх нар шагнуулсан бол “Аймгийн хошой мэргэн” цолыг Сайнцагаан сумын харваач Б.Уугантөмөр, Д.Сүрэнжаргал нар хүртжээ.


“Хилэнт эх” хэмээх модон луу жилийн сар шинийн баярт зориулсан “Говийн гурван аймгийн шагайн харваа” Өмнөговь, Дорноговь аймагт үргэлжилж, аваргуудаа шалгаруулна. 











Холбоотой мэдээ