Луу жилийн анхны улс, аймгийн цолтой бөхийн барилдаан ням гарагт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-02-21 12:05:35

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Хилэнт эх хэмээх  модон луу жилийн анхны улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаан энэ сарын 25-нд болно.


Тодруулбал, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум, сургуулийн түүхт 100 жилийн ойд зориулсан тус сумаас төрөн гарсан ах дүү гурван бөх аймгийн арслан Сампилын Лувсангомбо, аймгийн арслан Сампилын Гомбодорж, аймгийн заан Сампилын Дорж нарын нэрэмжит болгон ирэх ням гарагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулна.


Уг барилдааны түрүү бөх 5.0, үзүүр бөх 3.0, дөрөвт шалгарсан бөхчүүд тус бүр 1.5, наймд шалгарсан бөхчүүд тус бүр 0.6 сая төгрөг гардана. Мөн зодоглох 128 бөхөд гарын бэлэг, дурсгалын зүйл гардуулах ажээ.


Дашрамд дурдахад, энэ сарын 24-нд зохион байгуулахаар товлосон Төв аймгийн Бүрэн сумын 100 жилийн ойд зориулсан, улсын начин М.Загдсүрэнгийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 128 бөхийн барилдааныг зохион байгуулагчдын хүсэлтээр цуцалжээ. 

Холбоотой мэдээ