ОУОХ-ны тавьж буй нөхцлөөр Олимпод оролцох боломжгүй гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-02-22 17:43:26

КАЗАНЬ, 2024 оны хоёрдугаар сарын 22 /РИА Новости/. Олон улсын Олимпын хорооноос /ОУОХ/ тавьж буй нөхцлийн дагуу Оросын гимнастикчид олон улсын тэмцээнүүдэд оролцох боломжгүй гэж Олимпын аварга Артур Далалоян үзэж байна.


ОУОХ өнгөрсөн оны 12 дугаар сарын 8-нд гаргасан мэдэгдэлдээ “хэд хэдэн шаардлагыг хангасан тохиолдолд Орос, Беларусийн тамирчдыг бие даасан статустайгаар Парисын Олимпод оролцохыг зөвшөөрнө” гэж дурдсан юм.  


ОУОХ-ны Гүйцэтгэх хорооны эл шийдвэрийн дагуу бие даасан статус бүхий тамирчид ба тэдэнд туслах бие бүрэлдэхүүн нь ОХУ-ын туг далбаа, төрийн дуулал, сүлд тэмдэг болон үндэсний спортын холбоод, Оросын Олимпын хорооны аливаа бэлгэ тэмдгийг ашиглахаас татгалзах ба Оросын зэвсэгт хүчний явуулж буй цэргийн тусгай ажиллагааг дэмжих ёсгүй.


“Энэ жилийн хувьд бид Оросын АШТ, Цомын тэмцээнээс гадна БРИКС-ийн тоглолт, Найрамдлын тоглолтод оролцохоор бэлтгэж байгаа. Цаашдаа бид олон улсын тавцанд дахиад гарах нь тодорхой. Парисын Олимпын тухайд, бидэнд тавьж буй нөхцлүүд нь огт хүлээж авахын аргагүй бөгөөд ийм нөхцлөөр бид олон улсын тэмцээнүүдэд оролцох боломжгүй” гэж Далалоян ярилаа. Цааш нь тэрбээр тамирчны замналаа дуусгах бодолгүй байгаагаа хэлээд 28 нас гэдэг бол спортын гимнастикт тун тохиромжтой нас гэдгийг онцлов.


Ташрамд дурдахад, өнгөрсөн оны 7 дугаар сард Олон улсын гимнастикийн холбоо /FIG/ мэдэгдэл гаргаж, 2024 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн Орос, Беларусийн тамирчдыг бие даасан статустайгаар олон улсын тэмцээнүүдэд оролцохыг зөвшөөрч, тавигдах шаардлагуудыг 11 дүгээр сард танилцуулсан юм. Гэвч хэсэг хугацааны дараа Европын гимнастикийн холбооны / European Gymnastics/ Ерөнхий Ассамблей хуралдаж, Орос, Беларусийн тамирчид ба албаны хүмүүсийг 1 дүгээр сарын 1-нээс эхлэн Европын тэмцээнүүдэд оролцуулахын эсрэг санал өгсөн байна.   

 

Холбоотой мэдээ