Олон улсын биатлоны холбооны ерөнхийлөгч нар авлигын хэрэгт холбогджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-02-26 10:05:02

МОСКВА, 2024 оны хоёрдугаар сарын 23 /РИА Новости/. Олон улсын биатлоны холбооны /IBU/ ерөнхийлөгч, Шведийн иргэн Олле Далин авлигын хэрэгт холбогдсон тухай Норвегийн телевизийн NRK компани мэдээлжээ.


Үүний зэрэгцээ тус холбоог 25 жилийн турш удирдсан анхны ерөнхийлөгч Андерс Бессебергт холбогдох хэргийн шүүх хурал 1 дүгээр сарын 9-нээс хоёрдугаар сарын 15 хүртэл Норвегийн Бускеруд мужийн тойргийн шүүхэд болсон байна. Түүнийг бусдаас хахууль авсан, түүний дотор Оросын албаны хүмүүсээс хахууль авсан хэрэгт буруутгасан юм. Харин Бессеберг үүнийг эрс няцааж байна. Хэрвээ гэм буруутай нь тогтоогдвол түүнд 3 жил 7 сар хорих ял оноож, 1 сая норвег кроны /95 мянган ам.доллар/ торгууль ногдуулж, 140 мянган доллароор үнэлэгдэх эд хөрөнгийг нь хураах юм. Шүүхийн шийдвэр 4 дүгээр сарын 12-нд гарна.

Харин О.Далинд холбогдох хэргийг Австрийн цагдаагийн газар шалгаж байгаа ажээ. Өдгөө 69 настай тэрбээр “спортын уралдаан тэмцээнийг телевизээр дамжуулах эрхийг Infront компанид зах зээлийн ханшаас доогуур үнээр худалдсан” гэх хэрэгт холбогдоод байгаа юм.  


“Намайг ийм хэрэгт буруутгаж байгаад би үнэхээр цочирдсон, надад тулгаж буй бүх хэргийг эрс няцааж байна. Эдгээр хэрэг гэгчийг мөрдөн шалгаж байгаа тухай ямар ч албан ёсны мэдээллийг би хүлээж аваагүй, гэхдээ улс төрийн сэдэлтэй гүтгэлэг дайралт хийж байгаа талаар олж мэдсэн” гэж Далин мэдэгджээ.


Бессеберг IBU холбоог 1993-2018 оны хугацаанд удирдсан бөгөөд Далинд албан тушаалаа шилжүүлэн өгсөн юм.

 

Холбоотой мэдээ