СЭЛЭНГЭ: Төслийн баг 23 хүүхдэд мэс заслын тусламж үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-02-27 14:11:20

Сүхбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. "Хүүхэд-нярайн мэс заслын тусламжийг сайжруулах нь" төсөл Сэлэнгэ аймагт хэрэгжиж байна. Энэхүү төслийн хүрээнд ЭХЭМҮТ, Хүүхдийн эмнэлгийн Ерөнхий мэс засал, урологийн мэс засал, нярайн, мэдээгүйжүүлгийн эмч нар хамтран Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт энэ сарын 23-25-ны өдрүүдэд ажиллалаа.


Төслийн багийнхан Сэлэнгэ аймагт ажиллахдаа:

-Урологийн мэс засал (фимоз, варикоцеле, гидроцеле)

-Ерөнхий мэс засал  (Цавьны ивэрхий, хүйсийн ивэрхий, цөсний чулуу)

-Арьсны ургацаг, өөхөн эдийн хавдар, остеомиелит, нийлсэн хуруу салгах мэс засал зэрэг үйлчилгээг үзүүлсэн байна.


Дээрх төслийн сургалтад нийт 150 эмч мэргэжилтнүүд хамрагдаж, 57 хүүхэд-нярайг үзэж зөвлөгөө өгчээ. Мөн 23 хүүхдэд мэс заслын тусламж үзүүлжээ. 


Төслийн хүрээнд зохион байгуулж буй сургалтын үеэр ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн мэс заслын тасгийн эмч Л.Ганбаяртай уулзлаа.

-Тэрээр: -“Бидний ажлыг дэмжсэн Скайтел ХХК-ийн хамт олонд баярлалаа. Энэхүү сургалт нь орон нутгийн эмч, сувилагч нарт газар дээр нь мэдлэг оюуныг нь тэлж өгөх, мөн орон нутагтаа тусламж үйлчилгээг зардал чирэгдэлгүйгээр хүлээж авах боломжийг бүрдүүлэн өгч байгаа нь ихээхэн үр дүнтэй юм. Мөн эцэг, эхчүүдэд хөрөнгө мөнгөний хэмнэлт олгож байгаа нь маш их ач холбогдолтой болж байна.  


Монголын ирээдүй бол энэ бяцхан хүүхэд багачууд. Иймээс бид ирээдүйн иргэдийнхээ төлөө энэ үйлсээ цаашид үргэлжилж 21 аймгаараа явж дуусгана” гэлээ.


-Сайхан сумын ЭМТ-ийн мэдээгүйжүүлэлтийн их эмч Ц.Сайнбуян: -Энэ сургалт нь хөдөө орон нутгийн алслагдсан сумдын хүүхдүүдэд ойроос эмчилгээ оношилгоо хийх, цаашлаад мэс заслын тусламж үйлчилгээг нэн яаралтай үзүүлэх зорилготой юм.


Сүүлийн үед оношилгоо шинжилгээ сайжирснаар зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүд маш ихээр дэлгэрч байна. Мэс заслын тусламж үйлчилгээ нэн шаардлагатай хүүхдүүд олон байдаг. Энэ мэс заслыг хийснээр цаашдаа амьдралын баталгааг нь сайжруулж өгч байгаагаараа чухал байдаг хэмээн ярилаа.       


Дээрх үйл ажиллагааг Скайтел компани санаачлан хэрэгжүүлж байгаа аж.                          

Холбоотой мэдээ