БУЛГАН: “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд Политехник коллежийн байрыг засна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-02-29 07:38:38

Булган, 2024 оны хоёрдугаар сарын 28  /МОНЦАМЭ/. “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд 244084 ам.долларын өртгөөр ХААИС-ийн харьяа Булган аймгийн Политехник коллежийн барилгын их засварын төслийг хэрэгжүүлэхээр боллоо.


Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж"-ийн хөтөлбөрийн хүрээнд 2024 онд хэрэгжих ХААИС-ийн харьяа Булган аймгийн Политехник коллежийн барилгын их засварын төслийн тусламжийн гэрээнд Элчин сайд М.Игавахара Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ нар гарын үсэг зурлаа.




Энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 244084 ам.доллар бөгөөд ХААИС-ийн харьяа Булган аймгийн Политехник коллежийн 320 хүүхдийн багтаамжтай хичээлийн нэг байранд их засварын төслийг хэрэгжүүлнэ. Үүнд: хичээлийн байрны гадна фасад, дотор засал (шал, хана, тааз, хаалга), цэвэр, бохирын шугам, ариун цэвэр, шүршүүрийн өрөө, цахилгааны (цахилгааны самбар, аваарын гэрэл, анги танхимын гэрэлтүүлэг, залгуур, унтраалга) засвар, галын дохиолол суурилуулах гэх мэт ажил хийснээр эрүүл ахуй, сургалтын орчин нөхцөл сайжирч, нийгэмд хэрэгцээтэй ур чадвартай хүний нөөцийг бэлтгэх боломж бүрдэх болсныг захирал Н.Пүрэвсайхан баяртайгаар ярьж байна.


ХААИС-ийн харьяа Булган аймгийн Политехник коллеж нь хичээлийн хоёр байранд 470 суралцагчийн хүчин чадалтай, жилд хүнс, ХАА-н 33 чиглэлээр 200 гаруй мэргэжилтэн төгсгөдөг, дотуур байрандаа 60 оюутан хүлээн авах боломжтой. Энэ хичээлийн жилд Орхон Хөвсгөл Булган аймгийн 570 суралцагч суралцаж байна.


Япон Улсын Засгийн газар нь Монголд 1990 оноос өнөөдрийг хүртэл 34 жилийн турш “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.


Энэ удаагийн төсөл нь "Өвсний үндэс" буцалтгүй тусламжийн 601 дэх, Булган аймагт хэрэгжих 19 дэх төсөл болж байна.





Холбоотой мэдээ