АРХАНГАЙ: Булган уул бурхантай болсон нь

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-03-01 14:45:13

Эрдэнэбулган, 2024 оны хоёрдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Дэлхийд зул өргөдөг хоёр уул байдгийн нэг нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын хоймор дүнхийх Булган уул юм. 


Булган уулын урд энгэрт Богдзонхов бурхан заларна. Бурхан хэрхэн бүтсэн тухай домог өгүүлье.


17 дугаар зууны сүүлчээр Зая бандид Лувсанпринлэй Түвдийн Хөхнуурт Дээд Монголчуудын заллагаар өмнөд хошуудад ном айлдаж, удаан хугацаагаар морилжээ. Буцаж ирэх үед нь Булган уулын өврийн Бор толгой дээр нэгэн сүм боссон нь одоогийн Галданзуу сүм байж. Зая бандид Лувсанпринлэйн шавь нар нь “Чин вангийн хошууны ноёд биднээс асуулгүй нэг сүм барив. Бид зодоон хийж эсэргүүцээд ч ноёны хүчинд дарагдаж, дийлсэнгүй” гэжээ. 


Удалгүй сүм барьсан Ван гэгээнтэй уулзаж, “Би танай хүрээний эх тархинд өөрийн шүтээн сүмээ бүтээв. Одоо тамгын сүм барьж, хошууны алба эрхэлнэ. Тэгэхээр Булган уулын өмнөх энэ хүрээ манай хошууных болно” гэж хэлжээ.


Зая гэгээн хэсэг бодол хийгээд “Хүрээний тархинд шүтээнээ бүтээдэг нь хүрээний эзэн болох гэвэл би ч зална. 40 жилийн өмнө энд миний хүрээ хурал сургуулиа эхэлсэн юм” гэж. 


Үүний дараа Лусанпринлэй хутагт шавь нарын хамт Булган хайрхныхаа энгэрийн хамгийн том тэгш хавтгай хадыг олж, тэнд Богдзонховын бурхан дүрийг өөрийн гараар зурж, бүтээгээд хүрээнийхээ эх тархинд шүтээнээ залан, ноёнтныг давж, хүрээгээ авч үлдсэн гэдэг.


Түүнээс хойш дараагийн Зая хутагтууд бурхад нэмж бүтээсээр Бурхантай уул болгожээ. Зул мандаах уламжлал ч эндээс эхлэлтэй аж. 


Холбоотой мэдээ