Шинейд О'Коннорын дууг ашиглахгүй байхыг Трампаас шаардав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-03-05 13:54:27

ВАШИНГТОН, 2024 оны гуравдугаар сарын 5 /BBC/. Өнгөрсөн оны долоодугаар сард таалал төгссөн Ирландын дуучин Шинейд О'Коннорын төрөл төрөгсөд болон "Chrysalis Records" компанийн төлөөлөгчид хамтарсан мэдэгдэл хийж,  АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампад хандан  О'Коннорын дуунуудыг сонгуулийн сурталчилгаандаа ашиглахаа зогсоохыг уриалжээ.


"Д.Трамп улс төрийн цуглаандаа" Nothing Compares 2 U " хэмээх гайхалтай дууг ашигласан гэдгийг мэдээд бид бухимдлаа. “Библийн чөтгөр” гэж нэрлэдэг байсан хүн нь түүний уран бүтээлийг ашигласныг мэдсэн бол Шинейд гомдох байсан гэвэл хэтрүүлэг болохгүй. Түүний өвийг хамгаалагчдын хувьд бид Дональд Трамп болон түүний хамтран зүтгэгчдээс Шинейдийн дууг ашиглахаа даруй зогсоохыг шаардаж байна” гэж мэдэгдэлд дурдсан байна. 


The Guardian сонинд мэдээлснээр, хоёрдугаар сарын 24-нд Мэрилэнд муж улсад болсон “Консерватив улс төрийн үйл ажиллагааны бага хурал”-ын (CPAC) үеэр Д.Трампыг тайзнаа гарахын өмнө Ирландын дуучны дууг явуулжээ. 


"Nothing Compares 2 U" бол О'Коннорын хамгийн алдартай дуунуудын нэг юм. Уг дууны клип нь 90-ээд оны хамгийн шилдэг клипүүдийн нэг байсан бөгөөд MTV Video Music Awards-аас "Оны шилдэг клип" төрөлд шалгарч байлаа. О'Коннор энэ шагналыг хүртсэн анхны эмэгтэй дуучин болж байсан юм.

Холбоотой мэдээ