БУЛГАН: Амь нэг, сэтгэл нэг зөв бүхний төлөө ажиллахыг уриаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-03-07 08:53:38

Булган, 2024 оны гуравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 111 жилийн ойг тохиолдуулан Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ Булган аймгийн хэвлэл мэдээллийн салбарын сэтгүүлчидтэй уулзлаа. 


Уулзалтаар дэлхийн Алтаргана наадмыг хэрхэн сурвалжлах, 100 жилийн ой нь тохиож буй таван сумын үйл ажиллагааг олон нийтэд мэдээлэх талаар ярилцлаа. 



Булган аймагт Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн тус аймаг дахь сурвалжлагч, Сайхан монгол телевиз, Булганы мэдээ сонин, Булганы индэр сэтгүүл, Булган подкаст, Булганхангай, Ашин Булган зэрэг пэйжүүд иргэний мэдэх эрхийн төлөө үйлчилж байна.

 

Тэртээ 1913 оны гуравдугаар сарын 6-нд “Шинэ толь хэмээх бичиг” сонины анхны дугаар гарсан нь Монголын хэвлэл, мэдээллийн салбарын суурь байв. Энэхүү сонины эрхлэгчээр их соён гэгээрүүлэгч Жамсрангийн Цэвээн ажиллаж байсан бөгөөд түүнийг Монголын сэтгүүл зүйн салбарыг үндэслэгч хэмээн түүхэн эх сурвалжууд үздэг юм.


Харин энэ өдрийг 1993 онд болсон сэтгүүлчдийн их хурлаар дэмжиж “Сэтгүүлчдийн өдөр” болгосон байдаг. Сэтгүүл зүйн анхны алхам болох “Шинэ толь хэмээх бичиг” сониныг 50 орчим хуудастай сэтгүүл хэлбэрээр 500 хувь хэвлүүлж, төрийн байгууллагуудад тараадаг байсан түүхтэй.




Мэргэжлийн ёс зүйгээ мөрддөг, олон нийтийн мэдэх эрхийг тууштай баримталдаг, нийгэм, эдийн засгийн хууль бус үйлдлийг эрэн сурвалжилж, баримтаар нотолдог, алдаагаа хүлээн зөвшөөрч залруулж чаддаг хэвлэл мэдээллийн редакцын хувьд уншигч, үзэгчид нь үнэнч хэвээр байгаа нь мэргэжлийн ёс зүй ямар чухал болохыг 2023 онд болсон “Сэтгүүл зүйн ёс зүйн форум”-аар онцолж байсан юм.


Өнөөдөр улсын хэмжээнд 451 мэдээллийн хэрэгсэл тогтмол үйл ажиллагаа явуулж 4500 орчим мэргэжилтэн ажиллаж байна.

 

Холбоотой мэдээ