Монгол Улс БНЧУ-ын ГХЯ хоорондын Консулын зөвлөлдөх уулзалт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
b.tuul@montsame.gov.mn
2024-03-22 15:01:18

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНЧУ-ын ГХЯ хоорондын Консулын IV зөвлөлдөх уулзалт энэ сарын 18-нд Прага хотод болов. 


Уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх болон монгол, чех иргэдийн хууль ёсны эрхийг хамгаалах чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлэх болон бусад асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов. Мөн БНЧУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах монгол иргэдийн тоог энэ оноос эхлэн 2000-аар нэмэгдүүлсэнтэй холбогдуулан эдгээр иргэдийн Чех Улсад оршин суух, дасан зохицоход дэмжлэг үзүүлэх нийгмийн баталгааг хангах асуудлыг тус тус хэлэлцсэн аж.


Уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, чехийн талаас БНЧУ-ын Гадаад хэргийн яамны Эрх зүй, консулын асуудал хариуцсан Тэргүүн захирал Мартин Смолек нар тэргүүлж оролцов. Өнөөдрийн байдлаар БНЧУ-д манай улсын 12666 орчим иргэн сурч, ажиллаж амьдарч байна. Монгол Улс, БНЧУ-тай консулын асуудлаар тусгайлсан яриа хэлэлцээг ийнхүү тогтмол хийж байгаа нь тус улсад оршин суугаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалахад чухал ач холбогдолтой юм.




 

Холбоотой мэдээ