Ү.Номин: Уламжлалт анагаах ухаан манай улсад хөгжлийн шинэ түвшинд хүрч хөгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-04-01 14:51:20

Баянхонгор, 2024 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Дэлхийн эмч нарын өдрөөр улсын Гуравдугаар төв эмнэлгийн Сэргээн засах төвийн эмч Үнэнбуянгийн Номинтой ярилцлаа. Тэрбээр Баянхонгор аймгийн уугуул бөгөөд нутаг орондоо ирж оношилгоо, эмчилгээ хийж байхтай нь таарч хөөрөлдсөн юм. Бидний яриа түүний үндсэн мэргэжил болох уламжлалт анагаах ухааны сэдвийн хүрээнд өрнөлөө.

 

-Уламжлалт анагаах ухаан чухам юуг судалдаг, хэдий үед хаанаас үүсэлтэй болох талаар ярилцлагаа эхэлье.

-Монголчууд эрт дээр үеэс цаг агаарын хатуу ширүүн нөхцөлд малаа маллан нүүдэллэн амьдарч, амьдрахын эрхэнд хүйтэн сэрүүн, халуун бүгчим орчинд үүсэх өвчинтэй нүүр тулж ирсэн байдаг. Түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх, өвчин тусвал хэрхэн илааршуулах зэргээр эрүүл мэндийн наад захын асуудлуудаа шийдэхээр уламжлалт анагаах ухааныг дэлгэрүүлсэн түүхтэй. Ханах заслыг уламжлалт анагаах ухааны хамгийн анхны эмчилгээ гэж үздэг. Хүннүгийн үед хэрэглэж байсан чулуун зүү, мэсийн холбогдолтой олдворуудаас харахад тухайн үеэс эхтэй анагаах ухаан гэж ойлгож болно.

 

-Оношилгооны онцлогуудыг тайлбарлаж өгнө үү. Эмчээс маш нарийн ур чавдар шаарддаг шиг санагддаг.

-Уламжлалт анагаах ухаанд судас, хэл, шээсээр оношилгоо хийхээс гадна биеийн ерөнхий хэлбэр дүрс, царай нүүрний илрэл, хий, шар, бадганы өвөрмөц чанартай хүмүүсийг харьцуулж ерөнхий дүгнэлт болон оношилгоогоо хийдэг. Уламжлалт анагаах ухааны оношилгоо эмч хүнээс маш нарийн мэдрэмж, гярхай байдлыг шаарддаг. Эмчлүүлэгчээ хаалгаар алхаж орж байгааг хараад эхний байдлаар дүгнэлт гардаг гэсэн үг. Ер нь бол нарийн мэдрэмжээс гадна олон жилийн хуримтлуулсан туршлага бас хүнийг сайн эмч болгоход нөлөөлдөг юм шиг санагдсан.

 

-Нэг дор хэчнээн хүнийг оношилж мэдрэх боломжтой байдаг вэ? Мэдрэмж байхгүй болох үе тулгарч байв уу?

-Нэг өдөр хамгийн ихдээ 35 хүн үзэж байсан юм байна. Яг мэдрэмжгүй болж байсан үе бол байхгүй. Тэгэхдээ өөрөө маш их ядарч байгаагаа мэдсэн ч цаг өгсөн тохиолдолд бол үзэж дуусгахаас өөр сонголт байхгүй байдаг. Уламжлалт анагаах ухааны эмч бол бусад европ анагаах ухааны эмчтэй харьцуулбал эмчлүүлэгчтэй арай илүү тулж ажиллах, эмчилгээ үйлчилгээ, эм тан ууж байх бүх үед хамтарч, хавсарч ажилладгаараа онцлог. Сүүлийн үед эм тан уух сонирхолтой, ардын уламжлалт анагаах ухаанаар эмчлүүлэх хүсэлтэй иргэд их болсонтой холбоотой ажлын ачаалал их байдаг болсон.

 

-Уламжлалт эмчилгээгээр ор мөргүй эмчилж болох өвчин эмгэг гэвэл?

-Өвөг дээдэс маань бидэнд гайхамшигт анагаах ухааныг өвлүүлэн үлдээсэн. Би энэ сайхан анагаах ухааныг зөвхөн эхлэл хэсгээс сурч яваа залуу эмчийн хувьд яг тууштай, хичээл зүтгэлтэй, удаан хугацаанд хамтарч ажиллавал олон өвчнийг илааршуулан эмчлэх боломжтой. Харин хүмүүс ид шидэнд итгэж, өчнөөн олон жил “хурааж хуримтлуулсан” өвчнөө өдөрт нь нам дарах шидтэн хайдаг. Хорт хавдрыг устгах шидтэй шидэт уусмал, тэдэн насаар залуужуулах бэлдмэл, өвчин анагаах шидэт үрэл гэхчлэн боломжгүй зүйлд итгэж цаг хугацаа алдах тохиолдол олон байна. Өөрт таарсан эмчилгээг зөв цагтаа хийлгэснээр эрүүл, урт удаан наслах боломж хэн бүрд бий.

Хятадад эмч нар  “Өвдсөн цаг хугацаагаа эдгэхдээ зориулна” гэж ярьдаг. Тэгэхээр аливаа өвчнийг хэр эрт оношилж мэднэ, тэр хэрээр хурдан эмчлэгдэнэ гэсэн үг. Манай монголчуудын хувьд өвчнөө дусал тариа, антибиотикт даатгасан байдаг нь нийтлэг үзэгдэл болсон байна. Заримдаа бүр яг юуг эмчлэх гээд байгаа нь ойлгомжгүй баахан витамин, тариа, антибиотик жилдээ хийлгэдэг гэх хүмүүс маш их болж. Уламжлалт анагаах ухаанаар харшил, за энэ дотроо бүх төрлийн арьсан дээр үүсэж байгаа эмгэгүүд, мөн псориаз, чонон хөрвөс, хамуу, могой яр гэх мэт арьсны өвчин эмгэгүүдийг бүрэн эмчилнэ. Уламжлалт анагаах ухаанд итгэж, эмчтэйгээ тууштай хамтарч хичээвэл ямар ч өвчин эмгэг илаарших боломжтой.

 

-Цахим орчинд ургамал, байгалийн гаралтай тосон түрхлэг, мацаг барихтай холбоотой эх сурвалжгүй мэдээллүүд их байдаг. Уламжлалт эмчилгээний нэг хэсэг мөн үү?

-Цахим орчинд мацаг барих тухай маш их буруу ойлголт байгаагаас шалтгаалж жин хасах зорилгоор хэдийд ч хамаагүй мацаг барьдаг болсон байна. Өвөл, хаврын улиралд ядарсан биен дээрээ мацаг барьж, тархинд хомсрох хэлбэрийн харвалт өгөөд орж ирсэн залуухан эмчлүүлэгч одоо манайд эмчлүүлж байна. Хүн өөрийн биеэ маш сайн мэддэг байх хэрэгтэй шүү. Хэн нэгэнд таарч тохирсон сайн эмчилгээ танд тохирохгүй байх нь олонтаа. Тэгэхээр биеийн онцлогоо сайн мэддэг байж, мэргэжлийн хүнд хандаж байж эрүүл мэндтэй шууд холбогдох үйлдлийг хийж байх хэрэгтэй. Сургаар, хэн нэгэнд таарсан жороор өөрийгөө эмчлээд сайхан болчихдог бол бидний мэргэжил байгаад яах вэ.

 

-Эмчилгээний үед хамтын ажиллагаа чухал гэж та хэд хэд дурдлаа. Түүнээс гадна гам барих ч эмчилгээнд чухал нөлөөтэй байдаг байх.

-Уламжлалт анагаах ухаанд хүний биеийг хий, шар, бадгана гэж гурван төлөвт хуваадаг бөгөөд энэ өвөрмөц чанарт зориулан эмчилгээ хийж, эм тангаа мөн тохируулан хүртдэг. Мэргэжлийн эмчид хандахын оронд ус ханадаг хүнд дугаарлачихсан, тэр хүн нь нэг хутгатай, тэрийгээ лааны галд халааж байгаад л хатгачихдаг хүн байх жишээтэй. Би тэр хүн дээр очсон, ирээд сарын дараа бие өвдөж нойргүйдэж шинжилгээ өгсөн чинь элэгний вирустэй гарчихлаа гэх эмэгтэй ч ирж байлаа. Хий ихтэй хүнд өвлийн улиралд хануур хийдэггүйн том жишээ шүү дээ. Хануур хийснээр нойргүйдэж, хутга хэрэглэлээс нь элэгний вирус авсан бодит жишээ. Хахир өвлөөр хануур засал хийх, мөн бэлтгэл тан уулгаж биеийг засахгүйгээр тийм эмчилгээ хийж болохгүй. Ургамлыг ч ялгаагүй, барагшуныг бид эмэнд номхотгож хэрэглэдэг. Нэг эмэгтэй тус ургамлыг уулнаас түүснээр нь жил шахуу буцалгаж уугаад, битүү идээт үрэвсэл болчихоод ирж үзүүлж, эмчлүүлж байсан. Ерөөсөө л мэргэжлийн эмчид хандаж тууштай явахыг л хүмүүстээ зөвлөдөг дөө.

Монгол эм тан ууж байхад эмч эмчлүүлэгчдийнхээ мөн чанар, өвчний байдалд тохируулан зарим хоол ундыг хориглох тохиолдол байдаг. Гам дэглэмийн хувьд тунг тааруулах нь бас чухал. Халуун зуны өдөр эмчилгээний гам барьж байна гээд ноолууран малгай, ороолттой явж байсан хүнтэй таарсан. Гам барихын хувьд ч эмч эмчлүүлэгчид зохих зөвлөгөөг хүн хүнд нь тааруулж хэлж зөвлөдөг. Гамаа барих нь зөв ч хэтрүүлэн, өөртөө ч өрөөлд ачаалал өгөхгүй байх нь бас чухал. Эмчилгээнд ч, түүний дараа ч тун таарах гэдэг зүйл хамгийн чухал даа. Энэ л миний яриад байгаа хамтын ажиллагаа юм.

 

-Уламжлалт эмчилгээ Монголд хэр хэмжээнд хөгжиж байгаа гэж хардаг вэ. Уламжлалт болон европ эмчилгээ нэгнийгээ үгүйсгэх хандлага байдаг. Хавсран эмчилдэг газрууд ч бий болж. Таныхаар энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ.

-Миний хувьд 2005-2010 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Үндэстний их сургуульд суралцаж, Уламжлалтын эмч мэргэжлийг эзэмшсэн. Сургуулиа төгсөж ирээд мэргэжлээрээ ажиллаж эхлэхэд Монголд эм тан уудаг хүмүүс маш бага байдаг байсан. Уудаггүй, зохидоггүй, шинжлэх ухаандаа л итгэдэг гээд өмнөөс “ам тагладаг” байлаа. Сүүлийн долоон жил бол хүмүүс маш ихээр монгол эм тан уудаг болж, үр дүн ч илт сайн байгаа нь мэдрэгдэх болсон. Хүмүүс илүү байгалийн зүйлс рүү тэмүүлдэг болж, химийн элементүүдээр бүрдсэн эм тарианаас татгалздаг болж. Миний бодлоор Уламжлалт анагаах ухаан манай улсад хөгжлийн шинэ түвшинд гарч хөгжиж, байгаагүйгээрээ их ололт амжилтыг өдрөөс өдөрт олсоор байна гэж харж байгаа.

Уламжлалт анагаах ухааныг европ эмчилгээтэй хавсарч эмчлүүлэгчийг өвчин зовлонгоос салгаж байгаа хамгийн бодит жишээ бол манай урд хөрш. Тэнд мэс засалд орсон хүмүүстээ шууд л эм тан хэрэглэдэг. Тэр нь бүр гайхалтайгаар хөгжиж байгаа. Харин манайд одоогоор хавсарч хамтарч ажиллах тал дээр төдийлөн хөгжөөгүй байна. Европ эмчилгээг бариа засалтай хавсарч хийж байгаагаа уламжлалт европ хосолсон гэж ойлгоод байх шиг санагддаг. Бариа засал бол манай уламжлалт анагаах ухааны заслын нэг төрөл болохоос бүхэлдээ уламжлалт анагаах ухааныг төлөөлнө гэсэн үг биш шүү дээ.

 

-Уламжлалт эмчилгээний хөгжил хамгийн далайцтай хөгжиж буй газар орныг нэрлэбэл?

-Мэдээж урд хөрш. Уламжалт анагаах ухаан утгаараа хөгжиж байгаа газар шүү дээ. Олон улсын Монгол эмнэлгийн хороо гээд маш том монгол анагаах ухааны сургалт, судалгааны төв, эмийн үйлдвэр, шинэ эм, нууц жоруудыг бид тэндээс л суралцаж, мэдлэг чадвараа тэлж байна. Жинхэнэ сайн жишиг тэнд байна.

 

-Уламжлалтын эмчилгээг хэдий үед хийвэл тохиромжтой вэ? Мөн хаврын ядаргаа гээд л ярьдаг. Ядаргаанд улирал хамаатай эсэхийг тайлбарлаж өгнө үү.

-Уламжлалт эмчилгээ эм танг жилийн аль ч үед эмчийн хяналт дор хийж болно. Монгол орны цаг уурын хувьд хахир хүйтэн өвөлтэй бид энэ цаг агаартаа олон мянган жилийн турш зохицон амьдрах чадвартай ард түмэн. Хахир хүйтэн өвлөөр тахиа, гахай гэх мэт сэрүүн чанарын мах, сэрүүн чанартай ногоонуудыг идэж, мацаг барих гэх мэт сэрүүн чанарын зүйлсийг хэтрүүлснээс болж ядарч туйлдсан сэрүүдсэн, нойргүйдсэн хүмүүс хаврын улиралтай арайхийн золгож ядарч байгаа процессыг бид хаврын синдром гэж хэлээд байна гэсэн үг. Нойр муутай хүнээс уур уцаар л төрнө шүү дээ. Ер нь сайн нойроо аваагүй бол хавар, намар, өвөл, зун гэлтгүй синдром нь хөдөлсөн хүмүүс маш их байна.

 

-Та олон орны хүмүүсийг судас барьж оношилж эмчилж байсан байх. Монголчуудын биеийн онцлог гэх зүйл ажиглагдав уу?

-Монгол хүн бол цаг уурын хувьд маш онцлогтой бүсэд оршдог, энэ цаг агаар, амьдралын хэвшлээ дагаад бас их өвөрмөц биеийн онцлогтой санагддаг. Арай хүдэр чийрэг ч гэх юм уу. Би америк, япон, солонгос, хятад хүмүүсийн судсыг барьж үзэж байлаа. Төдийлөн тийм их ялгаатай байгаагүй. Монголд ирсэн жуулчин америк залууг нойргүйдэл өвчнийг нь эмчлээд өгсөн чинь дараа нь эмээ, ээждээ гээд баахан эм тан захиалж авсан шүү. Маш үр дүнтэй байсан. Ээж, эмээ маань чамтай уулзахыг маш их хүсэж байгаа гэж и-мэйл ирсэн. Ер нь бол байгалийн хатуун ширүүн нөхцөлд л амьдардгаараа ялгаатай болохоос бие махбодийн хувьд ямар ч ялгаа байхгүй.

 

-10 гаруй жил оношилгоо эмчилгээ хийж байгаа хүний хувьд монголчуудын нийтлэг өвчлөлийн талаар ажиглагдсан зүйл?

-Манай монголчуул ер нь их тэвчээргүй. Заримдаа үнэхээр дахиж хүн үзэхгүй, өөр ажил хийе гэсэн бодол төртөл зовоодог хэцүү эмчлүүлэгчид байдаг. Одоогоос гурван жилийн өмнө, амаржсаны дараа хийн солио туссан орилж хашхичиж, уйлан унжин өдөржин орондоо хүлүүлж хэвтсэн нэг эмэгтэй ирж байсан. Нөхөр нь цөхөрсөн байдалтай ирж учир байдлаа хэлж, би гэрт нь очиж үзсэн. Эм тангаа ч өгсөн. Дөрөв дэх хоногоос нөхөр нь ална хядна, чи бүр дордууллаа гээд сүрдүүлж эхэлсэн. За би ч эм тангаа л тууштай уу, хий хөдөлнө, байраа сэлгэнэ, бүх бие өвдөнө гэж сануулсан шүү дээ, та нар уулгана чадна гэж эм тангаа ууж эхэлсэн бол эцсийг нь үз гээд баахан учирласан. Тэр хүний хамааралтай хүмүүсээс над руу залгаагүй загнаагүй хүн байхгүй. Түүнээс 10 гаруй хоногийн дараа өнөөх бүсгүй маань хэвийн болчихсон, үргэлжлүүлж уух эм тан бий юу гээд өөрийн биеэр орж ирсэн. Үргэлжлүүлж гурван сар эм тангаа уугаад тэр бүсгүй үнэхээр сайхан эдгэсэн. Одоо ч талархсанаа бичдэг байнга холбоотой байдаг. Юу хэлэх гээд байна гэхээр манайхан монгол эм тан ууж байхдаа нэгдүгээрт, шууд үр дүн хүсээд байдаг, хоёрдугаарт өвчин сэдэрлээ гээд зогсоочихдог. Уг нь энэ процесс нь нуугдсан өвчнөө ил болгож эм тан хүрэх газраа хүрч байгаа юм. Гуравдугаарт, тууштай уудаггүй, жаахан гайгүй болохоор нь орхичих тохиолдол байна. Уламжлалт эмчилгээ гэдэг бол эмч, эмчлүүлэгчийн тууштай хамтын ажиллагааны асуудал гэдгийг ахин хэлье.

 

-Хүн амын дунд зонхилон тохиолдож байгаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх "жор"-ыг хэлж өгөөч?

-Ерөөсөө л амьдралын хэвшил. Хүний гарын атгасан хэмжээг ходоодны хэмжээ гэж бодож, таван бууз байвал гурвыг нь, таваг хоол байвал талыг нь гэх мэт бага идэж байх нь чухал. Биедээ тохиромжтой, шимтэй, эрүүл идээ ундаа хэрэглэх, мөн өдөрт өөртөө зориулаад 20 минут алхах ч юм уу хөдөлгөөн хийх, орой эрт унтаж нойр авах, өглөө эрт сэрж шимтэй сайхан өглөөний цайгаа ууж чаддаг бол өвчин эмгэгээс айгаад байх шаардлагагүй, олон жил эрүүл энх амьдрах боломжтой. Манай монголчууд эрүүл мэндийг таваг дүүрэн ногоо овоолж идэх, ус уух гэж ойлгоод байдаг. Дархлааг судсаараа гүйлгэж байгаа давстай уснаас авна гэж итгэдэг. Эрс тэс цаг агаартай орны хүмүүс дан ус уух нь төдийлөн тохиромжтой биш бөгөөд шимтэй сайхан цайгаа, устайгаа хавсарч уух нь илүү үр дүнтэй байдаг.

 

-Иргэдийн эрүүл оршихуйн мэдлэг мэдээллийг сайжруулахад юун дээр анхаарах шаардлагатай вэ?

-Иргэдийн эрүүл мэндийн боловсрол хэдэн жилийн өмнөхтэй харьцуулбал хамаагүй сайжирсан шүү. Хүмүүс үр хүүхдэдээ, өөртөө цаг гаргаж чаддаг болсон нь мэдрэгдэж байгаа. Уламжлалт анагаах ухааныг төрийн бодлогоор хөгжүүлбэл дэлхийн бусад орноос ирэх эмчлүүлэгчдийн тоо, аялагчдын тооноос илүү байх боломжтой гэж хардаг. Бидэнд маш их нөөц бололцоо байгаа. Монгол эм бол өвчнийг уг суурь үндсээр эмчлэн илааршуулах маш их хүчтэй, цэвэр байгалийн ямар ч химийн найрлагагүй гайхамшиг гэхэд болно. Бүгд хэрэглэдэг болох, европ эм шиг хотхон болгоны доор монгол уламжлалт эмийн сан байдаг болно гэдэгт итгэж явдаг даа.

-Ярилцсанд баярлалаа.

Холбоотой мэдээ