Миягино ояката бөхчүүдтэйгээ “Исэгахама” дэвжээ рүү нүүж эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-04-04 10:12:24

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Сумо бөхийн холбооны шийдвэрээр “Миягино” дэвжээний ояката, бөх, үсчин, засуул бүгд “Исэгахама”-руу шилжихээр болсон билээ.


Тэгвэл их аварга Хакүхо буюу Миягино ояката өчигдөр гэргий Саяако, Магаки ояката нарын хамт Исэгахама дэвжээнд очиж, ояката нартай нь уулзлаа. Тус дэвжээнийхэн энэ сарын 7-нд багтан бүрэн нүүх ёстой ажээ.


Харин энэхүү уулзалтын үеэр Исэгахама ояката түүнд хандан, “Шавь нарынхаа эцэг, эхчүүдтэй уулз. Яагаад “Исэгахама” дэвжээнд ирснээ тайлбарлаж, уучлалт гуй. Япон орныг бүтэн тойрох байсан ч хамаагүй бүх шавийнхаа гэр бүлтэй уулзаад, буруугаа хүлээгээд ирэх хэрэгтэй” гэсэн байна. Тэгвэл Миягино ояката “Бүх чадлаараа хичээх болно. Туслах оякатагийн хувиар алдаагаа ухамсарлан, засахын төлөө өдөр бүр хичээнэ” гэжээ.


“Миягино” дэвжээний бөхчүүд эд зүйлээ баглан нүүхдээ бэлтгэж байгааг тэрбээр сэтгүүлчдэд ярьсан байна. Ийнхүү “Миягино” дэвжээнийхэн шилжин ирснээр “Исэгахама” 40 орчим бөхтэй болох бөгөөд сумогийн хамгийн том дэвжээ болж байгаа юм. “Хочи ньюс”-ийн мэдээлснээр, “Миягино” дэвжээнийхэн хонгилын бэлтгэлийн өрөөнд байрлах ажээ.




Холбоотой мэдээ