Төв аймагт шинэ цэцэрлэг нээлтээ хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-10-04 11:03:40

УИХ-ын дарга М.Энхболд болон БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн Ерөнхий нарийн бичгийн дарга Су Жэнсуй тэргүүтэй төлөөлөгчид Төв аймгийн Зуунмод суманд шинээр ашиглалтад орж буй “Хүмүүн” цэцэрлэгийн нээлтэнд оролцлоо.

Монгол Улсын гавьяат багш З.Намсрайн нэрэмжит тус цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагааны эхэнд Төв аймгийн засаг дарга Ж.Батжаргал зочид төлөөлөгчдөд хандан баяр хүргэлээ. Мөн БНХАУ-ын “Энхтайван хөгжлийн сан”-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Су Жэнсуй талархал дэвшүүлж хэлсэн үгэндээ, “хоёр орны найрамдалт харилцааг улам бэхжүүлэх бүтээн байгуулалтын ажил нь цаашдаа ч хүүхдийн сайн сайхны төлөө чиглэгдэх болно” хэмээн онцолсон юм. Түүнчлэн УИХ-ын дарга М.Энхболд “БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус цэцэрлэг нь Монгол Улсад өрнөх цэцэрлэг сургууль, соёл боловсролын барилга байгууламжийн бүтээн байгуулалтыг цаашдаа нэмэгдүүлж ажиллах эхлэл нь болж байгааг дурдаад” ирсэн бүх зочид төлөөлөгчдөд ажлын амжилт хүслээ.

Төв аймгийн Зуунмод хотод ашиглалтад орж буй шинэ цэцэрлэгийг УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдын санаачилгаар БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар барьсан байна. Тус цэцэрлэг 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, хүүхдийн сургалт, хүмүүжлийн орчныг цогцоор нь шийдэж  ,орчин үеийн тоног төхөөрөмж, сургалт, тоглоомын хэрэгслээр бүрэн хангагдсан үлгэр жишээ цэцэрлэг болж чаджээ.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ