Гарал үүсэл нь тодорхойгүй мах худалдан авахгүй байхыг анхааруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв аймгийн Баян, Баянцагаан сумдад шүлхий гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2016 оны 8-р сарын 27-ний өдөр өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж хорио, цээрийн дэглэм тогтоох тухай, Зуунмод сумын Засаг даргын хяналтын цэг ажиллуулах тухай тогтоолын дагуу аймгийн мэргэжлийн хяналтын газар, Зуунмод сумын засаг даргын ажлын албанаас хамтран гадуур мах борлуулж байгаа тал дээр байнгын хяналт тавьж ажиллаж байна.
Хэдийгээр байнгын хяналт ажиллаж байгаа боловч иргэдийн дундах ойлголт хомс байгаагаас тэр үү гарал үүсэл нь тодорхойгүй зөвшөөрөл, эрүүл мэндийн бичиггүй ил задгай мах худалдаалах нь ихэссэн байна. Өнөөдрийн байдлаар өвчний голомттой сумдаас мах орж ирээгүй байгаа ч цаашдаа баталгаатай хүнс худалдан авах иргэдийн эрх ашиг зөрчигдөөд зогсохгүй, иргэдийн эрүүл мэндэд сөрөг үр дагавар бий болж болзошгүйг Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.
Түүнчлэн хаанаас ирсэн ямар мах гэдэг нь тодорхойгүй, ариун цэврийн шаардлага хангаагүй мах болон махан бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг албаны хүмүүс анхааруулж байна. Мөн саяхан Мэргэжлийн хяналтын газраас явуулсан хяналт шалгалтаар гарал үүслийн бичиггүй, ариун цэврийн шаардлага хангаагүй хэд хэдэн амьд мал болон махыг буцаах арга хэмжээ авчээ.
Т.Есүхэйтөмөр