УИХ-ын дарга Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2016-10-06 11:04:15

УИХ-ын дарга М.Энхболд Архангай аймагт ажиллах үеэрээ аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, эмч, мэргэжилтнүүдийн санал бодлыг сонслоо.

Тус эмнэлэгт 65 их эмч, 156 сувилагч, тусгай мэргэжилтэн, 136 туслах ажилчин, нийт 357 ажиллагсадтай аймгийн иргэдэд эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байгаа талаар эмнэлгийн дарга Т.Ганбямба танилцууллаа. Нийт 14 тасаг нэгжтэй, амбулаторийн эмчилгээ, үйлчилгээг жилд дунджаар 89000 гаруй иргэн авдаг бол 224 ортой хэвтэн эмчлүүлэх тасагт жилдээ 9280 орчим үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлжээ.

Тус аймагт 2014 онд оношилгооны төв байгуулсан байна. БНХАУ-ын дэмжлэгээр “Цахим эрүүл мэнд” төсөл 2015 оноос тодорхой үе шаттай хэрэгжиж байгаа бөгөөд тус эмнэлэгт зарим техник хэрэгслийг суурилуулж байгаа аж. Мөн ЭМСЯ, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр цусны салбар банкны тоног төхөөрөмжийг шинэчилсэн байна. Нэгдсэн эмнэлгийн дарга төрөх тасгийн барилгад сүүлийн 25 жил их засвар хийгээгүй болохыг дуулгаад уг асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтээ танилцууллаа. Мөн компьютер томографтай болох шаардлагатай байгаагаа хэлж байв. Тус эмнэлгээс жилд 1562 иргэн 13А маягтаар гуравдугаар шатлалын эмнэлэгт үзүүлэхээр Улаанбаатар хот руу явдаг. Үүний 60 хувь буюу 1000 орчим иргэн ердөө компьютер томограф аппаратаар оношилгоо хийлгэхээр явдаг. Мөн эмнэлгийн эмч, ажилтнуудыг гадны улс орнуудад орчин үеийн эмчилгээний аргад суралцах, туршлага солилцох сургалтад хамруулах хүсэлтээ уламжилсан юм.

Тус аймаг элэгний С вирусын өвчлөлөөрөө улсад дээгүүр бичигддэг болохыг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг онцлоод, өнөөдрийн судалгаагаар Харвони эм уух шаардлагатай 2500 гаруй иргэн байгаа талаар дуулгав. Тус аймгийн хэмжээнд ажлын хэсэг байгуулан судалгаа хийсэн бөгөөд элэгний өвчлөлийг бууруулах, С вирусыг эмчлэх эмийн хэрэглээний талаар судалгаа гарган ажиллаж, санал дүгнэлтээ холбогдох яам, Засгийн газарт хүргүүлээд байгаа аж. Харвони эмийг тус аймгийн 20 гаруй иргэн ууж хэрэглэсэн бөгөөд 95-98 хувийн үр дүнтэй байдаг байна. Тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд эмийн компанийн удирдлагуудтай уулзсан бөгөөд Монгол Улсын хэмжээнд энэ төрлийн өвчлөлөөрөө дээгүүр байгаа учир туршилтын хэлбэрээр эмчилгээ явуулах боломжтой талаар ярилцаж, санал солилцсон байна.

Түүнчлэн аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд болон аймгийн удирдлагууд хамтран төсөл боловсруулсан байна. Тусламжийн шугамаар дээрх эмийг иргэдэд үнэ төлбөргүй олгож эхлэхэд эмчилгээний үр дүнг тодорхойлох завсарын оношилгооны тоног төхөөрөмж, зардлыг тусгах шаардлага үүсэх юм байна. Уг төслийг хэрэгжүүлж, үр дүнг нь тооцсоны дараа бусад аймагт загвар болгон хэрэгжүүлэх бололцоотой хэмээн УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат хэлж байв.

Холбоотой мэдээ