Хамгийн ихээр татаас олгодог хэмээн АНУ-ыг шүүмжлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-05-15 13:36:04

БЭЭЖИН, 2024 оны тавдугаар сарын 15 /Xinhua/. АНУ шударга өрсөлдөөн гэх нэрийн дор бусад орны хүчирхэг үйлдвэрүүдийг дампууруулан унагаж, протекционист бодлого явуулах, зах зээлийн зарчим ба олон улсын худалдааны дүрэм журмыг уландаа гишгэх зорилгоор “эрэлтээс давуулан үйлдвэрлэх” гэсэн нэр томьёог ашиглаж байна гэж Хятадын Гадаад хэргийн яамны /ГХЯ/ хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь мягмар гарагт мэдэгджээ.


АНУ-ын Сангийн сайд Ж.Йеллений саяхны мэдэгдэлд Хятад эрэлтээс давсан үйлдвэрлэл явуулж байгаа” тухай дурдсаны хариуд Ван Вэньбинь дээрх мэдэгдлийг хийсэн байна.


Америк маягийн логикоор бол, Америкийн татаас нь чухал салбаруудад хөрөнгө оруулалт болдог,  харин бусад орнуудын татаас нь “түгшүүр төрүүлэхээр шударга бус өрсөлдөөн” болдог гэж Ван Вэньбинь хэлээд, АНУ-ын харьцангуй давуу талтай бүтээгдэхүүний экспорт нь чөлөөт худалдаа болдог, харин бусад орнуудын харьцангуй давуу талтай экспорт нь “эрэлтээс давсан үйлдвэрлэл” болж байна гэлээ.


Тэрбээр үргэлжлүүлэн хэлэхдээ, АНУ-ын хийж буй үйлдэл нь дээрэлхэж буйгаас өөр юу ч биш гэв. Хятадын шинэ эрчим хүчний салбаруудын хурдацтай өсөлт нь технологийн тасралтгүй шинэчлэл, аж үйлдвэр, нийлүүлэлтийн сүлжээ, зах зээлийн өрсөлдөөнд тулгуурласан бөгөөд Хятад улс тэргүүлэн манлайлж буй нь “татаас”-ны үр нөлөө бус, харин харьцангуй давуу тал, зах зээлийн хууль тогтоомжийг хослуулсны үр дүн гэдгийг Ван Вэньбинь онцлон тэмдэглэжээ. 


Харин эсрэгээрээ АНУ сүүлийн жилүүдэд олон зуун тэрбум ам.долларын шууд болон шууд бус татаас олгох замаар зах зээлд шууд хөндлөнгөөс оролцохын тулд Хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль, Шинжлэх ухааны тухай хууль, Инфляцыг бууруулах тухай хууль зэргийг баталсан гэдгийг Ван Вэньбинь дурдлаа. “Үйлдвэрлэлийн салбарууддаа хамгийн их татаас олгодог нь АНУ өөрөө юм” гэж тэрбээр нэмж хэлжээ.


Татаас нь аж үйлдвэрийн салбарын өрсөлдөх чадварын баталгаа биш, протекционист /ивээх/ бодлого нь бизнесийн жинхэнэ аваргуудыг өсгөн бойжуулдаггүй гэж ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч хэлээд, Хятадын хурдацтай хөгжиж буй шинэ эрчим хүчний салбарууд нь дэлхийн эдийн засгийн ногоон шилжилтэд чухал хэрэгтэй бөгөөд Хятад, Америк болон дэлхий дахины ашиг сонирхолд нийцнэ гэлээ.  


Иймд хоёр нүүр гаргахаа зогсоож, давхар стандартаас татгалзаж, протекционизмд хүргэх алдаа гаргахгүй байхыг Хятад улсын зүгээс АНУ-д хандан уриалж байна гэж Ван Вэньбинь мэдэгдэв.

 



Холбоотой мэдээ