Ж.Инфантино авлигад орооцолдоогүй гэдгээ мэдэгдэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
sarnai@montsame.mn
2016-10-06 16:45:45

ПАРИС./TASS/. Олон улсын хөлбөмбөгийн холбооны /ФИФА/ Ерөнхийлөгч Жанни Инфантино “Франс Пресс” агентлагт ярилцлага өгөхдөө, ямар нэгэн авлигын шинжтэй үйлдэлд холбогдолгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Ингэж няцаалт хийх болсон учир нь, лхагва гарагт Норвегийн Josimar цахим хуудсанд “ФИФА-гийн Ёс зүйн хороо Инфантиногийн талаар мөрдөн шалгалт явуулж байгаа” гэж бичсэнтэй  холбоотой ажээ. Тэрбээр Европын Хөлбөмбөгийн холбоо буюу УЕФА-г тэргүүлж байх үедээ Словен улсын Хөлбөмбөгийн холбоонд зээл олгохыг дэмжиж байжээ. Гэтэл хожим нь уг мөнгийг зориулалт бусаар зарцуулсан тухай шуугиан дэгдсэн байна. Одоогоор УЕФА-г Словенийн иргэн Александер Чеферин тэргүүлж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор Чеферинийг УЕФА-гийн Ерөнхийлөгч болоход нь Инфантино дэмжиж байсан гэх дуулиан тархсан аж.

Дээр дурдсан Норвегийн сайтаас гадна Германы “Бильд” сонинд мөн адил Инфантиног шалгаж эхэлсэн талаар дурдсан байна. Уг сонинд бичсэнээр, 5 дугаар сарын 28-нд Миланд болсон Аваргуудын лигийн шувтаргын тоглолтын дараа ФИФА-гийн тэргүүн гэр бүлийнхний хамтаар Миланаас Ром руу, дараа нь Женев рүү нисчээ.  Энэ нь хувийн чанартай аялал байсан боловч нислэгийн зардлыг Инфантино ямар мөнгөөр төлснийг ФИФА-гийнхан мэдээгүй аж.

Түүнээс гадна, Германы "Франкфуртер альгемайне цайтунг" сонинд бичсэнийг үзвэл, Инфантино ФИФА-гийн данснаас дор хаяж 14 мянган еврог зориулалт бусаар зарцуулсан байна. Тодруулбал, уг мөнгөөр дасгалын төхөөрөмж, матрац, цэцэг, хөлбөмбөгийн пүүз зэргийг худалдан авсан аж.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ