Улс төрийн айлчлалуудын хүрээнд гарсан ололтыг эдийн засгийн харилцаагаар баяжуулахыг чухалчлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-05-16 14:59:48

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “Монгол Улс, ХБНГУ-ын харилцаа, хамтын ажиллагаа, өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Гадаад харилцааны яаманд болж байна.


Энэ удаагийн хурлын зорилго нь Монгол Улс, ХБНГУ-ын харилцааны түүхэн уламжлал, өнөө үеийн улс төр, худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, боловсрол, соёл, байгаль хамгаалал, хөгжлийн хамтын ажиллагааны салбар дахь хоёр орны ард түмний хамтдаа бүтээсэн ололт амжилтыг дүгнэхээс гадна ирэх жилүүдийн хамтын ажиллагааны хэтийн төлөв, чиг хандлагыг тодорхойлох явдал юм.


ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан Б.Санжаажав, энэхүү хурлыг 5 болон 10 жил тутамд тогтмол зохион байгуулж хэвшсэн болохыг хэлээд, гуравдагч хөршийн бодлогын хүрээнд тогтмолжоод буй хоёр орны улс төрийн айлчлалуудын хүрээнд гарсан ололт амжилтуудыг эдийн засаг, худалдааны харилцаагаар баяжуулах нь чухал. Ялангуяа Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны канцлер Ангела Меркелийн 2011 онд манай улсад хийсэн айлчлалын хүрээнд байгуулсан Уул уурхайн салбарт хамтран ажиллах санамж бичгийг бодит ажил хэрэг болгоход анхаарах шаардлагатай хэмээв.


Герман-Монголын бизнес эрхлэгчдийн холбооны Гүйцэтгэх захирал, доктор М.Мюллер, “Улстөр, дипломат харилцааны хүрээнд хоёр орны хооронд айлчлалууд идэвхтэй өрнөж байгаагийн зэрэгцээ эдийн засгийн төлөөллүүд ч Монгол Улсад хүрэлцэн ирсээр байна. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт 16 хүний бүрэлдэхүүнтэй баг Монголд айлчилж, худалдаа, эдийн засгийн салбарт хамтрах ямар боломж байгааг судалсан. Эдийн засгийн харилцаа нь хөрөнгө оруулалт ба худалдаа гэсэн хоёр чиглэлд явагддаг. Худалдааны салбар дахь үйл ажиллагаа амжилттай хэрэгжвэл хөрөнгө оруулалт дагалддаг. Германаас Монгол Улс руу хийж буй худалдааны импорт сайн түвшинд яваа. Харин Монголоос Герман руу, цаашлаад Европын Холбоо руу хийж буй экспортын хэмжээг нэмэгдүүлэх хэрэгцээ бий. Зөвхөн уул уурхай, ашигт малтмалаас гадна бусад салбарын ямар бараа бүтээгдэхүүнийг экспортлох нь зүйтэй вэ гэдэг дээр бид тогтож ярилцах шаардлагатай” гэлээ.


Тус эрдэм шинжилгээний хурлын нээлтэд Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, ХБНГУ-ын ЭСЯ-ны Хамтын ажиллагаа хариуцсан дарга Удо Вебер нар оролцож, мэндчилгээ дэвшүүлэв. Эрдэм шинжилгээний хуралд нийт үндсэн 8 илтгэл хэлэлцүүлж, илтгэлүүдтэй холбогдуулан оролцогчид санал дүгнэлтээ танилцуулж буй.


Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс нь 1974 оны нэгдүгээр сарын 31-нд дипломат харилцаа тогтоож байв. Энэхүү харилцаа өнгөрсөн 50 жилийн хугацаанд хоёр орны олон салбарт бэхжиж, Стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрын энэ онд манай улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр тал харилцаагаа Стратегийн түншлэлийн түвшинд хүргэсэн билээ. 



Холбоотой мэдээ