Их Британид бүх нийтийн сонгуулийн товыг зарлав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-05-23 10:04:06

ЛОНДОН, 2024 оны тавдугаар сарын 23 /Reuters/. Их Британид бүх нийтийн сонгуулийг долоодугаар сард явуулахаар болсныг тус улсын Ерөнхий сайд Риши Сунак лхагва гарагт мэдэгджээ.


“Өнөөдөр миний бие эзэн хаантай ярилцаж парламентыг тараах хүсэлт тавьсан. Хаан энэ хүсэлтийг зөвшөөрсөн тул долоодугаар сарын 4-нд бүх нийтийн сонгууль болно” гэж Р.Сунак хэлсэн байна.


Тус улсын инфляц 2.3 хувьд хүрч огцом буурч, сүүлийн гурван жилийн хамгийн доод түвшинд хүрснийг шинэ тоо баримт харуулснаас хэдхэн цагийн дараа ээлжит бус сонгуулийн товыг зарлажээ. Эрх баригч Консерватив нам инфляцын түвшин буурсныг найдвар төрүүлсэн амжилт гэж үзэж байна.


2023 оны нэгдүгээр сард өгч байсан Ерөнхий сайдын таван амлалтад 2022 оны эцсээр 11 хувиас дээшилж өсөөд байсан инфляцыг хоёр дахин бууруулах амлалт багтсан юм. Р.Сунак хэлэхдээ, сүүлийн үеийн тоо баримтууд нь “эдийн засгийн хувьд чухал мөч” болж байна хэмээгээд, “илүү гэрэлт ирээдүй биднийг хүлээж байна” гэжээ.


Консервативууд 14 жилийн турш засгийн эрхийг барьж байгаа боловч сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлт удааширсан, улс төрийн байдал тогтворгүй болсон зэрэг олон сорилттой тулгарч, намын удирдлагууд ойр ойрхон солигдсон юм. “YouGov” компанийн сүүлийн үеийн санал асуулгын дүнгээс үзэхэд торичууд одоогоор гол өрсөлдөгч болох Хөдөлмөрийн намаас хоцорч байна.


Энэ зун ээлжит бус сонгууль явуулах Р.Сунакийн уриалгыг Хөдөлмөрийн намын дарга Кейр Стармер “энэ бол улс оронд хэрэгтэй, хүлээж байсан мөч” гэж тодорхойлжээ. “Улс орны ирээдүй та бүхний гарт байна. Бид хамтдаа эмх замбараагүй байдлыг зогсоож, түүхийн хуудсыг эргүүлж, Их Британийг сэргээн босгож, улс орноо өөрчилж чадна” гэж тэрбээр мэдэгдсэн байна.


Либерал ардчилсан намын удирдагч Эд Дэйвигийн хувьд, Консерватив засгийн газрыг огцруулах цаг нь болсон гэж мэдэгджээ. Их Британийн парламент тавдугаар сарын 30-ны өдөр албан ёсоор тарах бөгөөд сонгуулийн кампанит ажил долоодугаар сарын 4-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.

Холбоотой мэдээ