ХАМАС бүлэглэл Тель-Авив руу пуужин харважээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-05-27 10:07:11

ТЕЛЬ-АВИВ, 2024 оны тавдугаар сарын 27 /VOA/. Тель-Авив хот руу чиглэсэн ХАМАС-ын цохилтыг няцаалаа гэж Израилын цэргийнхэн ням гарагт мэдээлжээ. 


Газын зурвасын өмнөд хэсэгт орших Рафах хотоос найман пуужин харвасан гэж цэргийнхэн мэдээлсэн байна. Рафахт Израилын цэргийн ажиллагаа үргэлжилж байгаа юм. 


Харин ХАМАС бүлэглэл мэдэгдэхдээ, сүүлийн дөрвөн сарын хугацаанд анх удаа Газын зурвасаас Тель-Авив хот руу пуужин харвав гэжээ. Хот руу харвасан хэд хэдэн пуужинг амдан сөнөөсөн гэж Израилын цэргийнхэн мэдээлсэн байна. Хүний амь хохирсон эсвэл шархдаж бэртсэн талаар мэдээлэл хүлээн аваагүй гэж  Израилын аврах албаныхан мэдэгджээ. 


Рафах нь Тель-Авив хотоос урагш 100 км-ын зайд оршдог. Рафахт байрлаж буй ХАМАС-ын цэргүүдийг устгаж, барьцаалагдсан хүмүүсийг аврах зорилготой гэж Израилын тал мэдэгдэж байгаа юм.


ХАМАС бүлэглэлийг устгаагүй цагт дайн дуусахгүй гэж Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху удаа дараа мэдэгджээ. 


Үүний сацуу Израилын тал олон долоо хоногийн турш хаалттай байгаа гол боомт болох Рафахыг тойруулан Газын зурвасын зүүн өмнөд захад орших Керем-Шалом боомтоор тус зурвас руу хүмүүнлэгийн тусламж ачсан 200 орчим ачааны машиныг нэвтрүүлэх бэлтгэлийг ням гарагт хангажээ. 


АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Египетийн төрийн тэргүүн Абдель Фаттах аль-Сиси нар Керем-Шалом боомтоор тусламжийг түр нэвтрүүлэх тохиролцоонд өнгөрөгч баасан гарагт хүрсэн байна. 

Холбоотой мэдээ