Гүржийн парламент “гадаадын агентуудын тухай” хуульд тавьсан хоригийг хүчингүй болгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-05-29 09:37:47

ТБИЛИСИ, 2024 оны тавдугаар сарын 29 /DW/. “Гадаадын агентуудын тухай маргаан дагуулсан хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг Гүржийн хууль тогтоогчид мягмар гарагт хүчингүй болгосноор уг хуулийн төсөл хүчин төгөлдөр болох нөхцөлийг бүрдүүллээ. 


Олон долоо хоногийн турш нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал өрнөхөд хүргэсэн уг хуулийн дагуу санхүүжилтийнхээ 20-иос дээш хувийг хилийн чанадаас авдаг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, төрийн бус байгууллагуудыг “гадаадын гүрний ашиг сонирхлыг баримталдаг” гэж бүртгэх ёстой байна.


Хууль тогтоогчид Ерөнхийлөгч Саломе Зурабишвилигийн хоригийг хүчингүй болгож, хуулийн төслийг батлахын тулд 84-4 гэсэн санал өгчээ. Харин сөрөг хүчний ихэнх гишүүн санал хураалт эхлэхээс өмнө 150 суудалтай танхимыг орхин гарсан байна. Эрх баригч “Гүржийн мөрөөдөл” нам өнгөрсөн сард парламентад өргөн барьж, энэ сарын эхээр баталсан энэхүү хуулийн төслийг ЕХ, НҮБ, НАТО болон АНУ ихээхэн шүүмжилж байгаа юм. 


Эрх баригч намыг хатуу шүүмжилдэг Ерөнхийлөгч С.Зурабишвили тавдугаар сарын 18-нд хуулийн төсөлд хориг тавьсан билээ. Хориг тавихын өмнө тэрбээр DW-д өгсөн ярилцлагадаа, улс орны ирээдүйг эрсдэлд оруулж байна гэж Гүржийн мөрөөдөл” намыг буруутгаад, энэ хууль нь Гүржийг Европын Холбоонд элсэх замаас холдуулж буй олон хууль, арга хэмжээ, үг хэллэгийн бэлгэдэл болсон гэж мэдэгджээ. 


Засгийн газрын хувьд уг хуулийг зөвтгөж, ил тод байдлыг хангах, Өмнөд Кавказын тус улсыг тогтворгүй болгохыг зорьж буй гадны хор хөнөөлтэй нөлөөллийг таслан зогсоох хэрэгтэй гэж мэдэгдэж байна. Харин эсэргүүцэгчдийн хувьд бие даасан хэвлэл мэдээллийн хэрэгсэл, тэрс үзэлтэй тэмцэх Оросын эрх баригчдын арга хэмжээнүүдтэй төстэй тул Оросын хууль гэж үзэж байгаа юм. Шүүмжлэгчид мөн энэ хуулийн төсөл нь 10 дугаар сард болох Гүржийн парламентын сонгуулийн өмнө Кремлийг тайтгаруулж, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хязгаарлах зорилготой гэж үзэж байгаа ажээ.

Холбоотой мэдээ