Монголын улаан загалмай нийгэмлэг малчдад 7,6 тэрбум төгрөгийн тусламж үзүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Монголын улаан загалмай нийгэмлэг өнгөрсөн
өвөл зудад өртсөн 21 аймгийн 11350 малчин өрхөд 7,6 тэрбум төгрөгийн хүмүүнлэгийн
тусламж үзүүлжээ.
Малчдад хүргэсэн энэхүү тусламжийн талаар Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Олон улсын Улаан загалмай, Улаан Хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны зудын арга хэмжээ хариуцсан зохицуулагч Маниш Тэвани нар танилцууллаа.
МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга
Н.Болормаа, хүмүүнлэгийн тусламжийг 400-гаас доош малтай, олон хүүхэдтэй өрх,
жирэмсэн болон хөхүүл ээж, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өндөр настан, өрх
толгойлсон эмэгтэйчүүд, мал нь олноор хорогдсон өрхүүдэд орон нутаг дахь,
салбар хороод, сайн дурын идэвхтэнүүдээрээ дамжуулан хүргэсэн гэлээ.
Энэ тусламжийг үзүүлэхэд Олон улсын Улаан
загалмай, Улаан Хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, АНУ-ын Олон улсын хөгжлийн
агентлаг, НҮБ-ын Хүн амын сан, Австралийн Засгийн газар, Австралийн Улаан
загалмай, БНХАУ-ын Улаан загалмай, БНХАУ-ын Элчин Сайдын Яам, БНСУ-ын Засгийн
Газар, Монгол Улсын Гадаад харилцааны яам, “Бадрах Энержи” ХХК, Европын холбоо,
Серб Улсын Засгийн газар зэрэг байгууллага дэмжин ажилласан байна.
Монголын улаан загалмай нийгэмлэг цаашид малчдын амьжиргааг дэмжих, зудын хохирлыг барагдуулж, малчдыг хэвийн амьдралдаа шилжихэд туслахаар төлөвлөжээ.