Дэлхийн сүүний өдрийг Монгол Улс ес дэх жилдээ тэмдэглэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2024-06-01 13:32:41

Улаанбаатар, 2024 оны зургадугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Дэлхийн сүүний өдөр өнөөдөр тохиож байна. Жил бүрийн зургадугаар сарын 1-ний өдөр дэлхийн 50 гаруй улсад Дэлхийн сүүний өдрийг уламжлал болгон тэмдэглэдэг.

Монгол Улс уг өдрийг 9 дэх жилдээ тэмдэглэж буйг Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр болсон Дэлхийн сүүний өдрийн нээлт дээр Монголын Хүнсчдийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч, “Сүү” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга тодотголоо.

Нээлтэд Монгол Улс дахь НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа оролцож Дэлхийн сүүний өдрийн мэндчилгээ дэвшүүлэв.


Ази тивд дэлхийн хүн амын 60 гаруй хувь оршин сууж, дэлхийн сүү үйлдвэрлэлийн 40 орчим хувийг нийлүүлж байгаа талаар Ази тивийн сүү үйлдвэрлэлийн Нарийн бичгийн дарга нарын газраас мэдээлжээ.

Сүүлийн 30 жилд Азийн бүсийн сүүн бүтээгдэхүүний эрэлт гурав дахин нэмэгджээ. Энэ нь бүс нутгийн хэмжээнд хүүхдийн хоол тэжээлийг сайжруулах, малчид, фермерийн аж ахуйг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэж байна.


Ази тивийн сүү үйлдвэрлэлийн Нарийн бичгийн дарга нарын газрыг Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-ын ХХААБ-ын санаачилга, хамтын ажиллагаа, дэмжлэгээр Улаанбаатарт 2020 онд байгуулсан юм.

Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани, ААН-үүд энэ өдөр бүтээгдэхүүнээ сурталчилж, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярт оролцож буй эцэг эх, хүүхэд багачуулд урлагийн тоглолт үзүүлэв. 



Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд