СЭЛЭНГЭ: “Сонгогчийн өдөрлөг” боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОНГУУЛЬ 2024
otgontsetseg@montsame.mn
2024-06-02 16:23:58

Сүхбаатар, 2024 оны зургаадугаар сарын  /МОНЦАМЭ/. Өнөөдөр Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод “Сонгогчийн өдөрлөг” үйл ажиллагааг зохион байгууллаа.

 

Аймгийн төв “Партизаны талбай”-д болсон энэхүү өдөрлөгт иргэд оролцож, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт, сонгуулийн шинэ тогтолцоо, санал тэмдэглэх заавар, тэдгээрийн онцлог болон сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны талаар мэдээлэл авлаа.

 

УИХ-ын сонгуулийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт, сонгуулийн тогтолцоо, саналаа хэрхэн тэмдэглэх зааврыг өгөх зорилготой зохион байгуулсан энэхүү өдөрлөгийг энэ удаа аймгийн төвд зохион байгуулж байгаа юм.

 

Дараагийн удаа энэ сарын 8, 9-ний өдрүүдэд бүсийн төвүүд болох Ерөө, Сайхан, Цагааннуур сумын төвд хийхээр төлөвлөсөн байна.

 

Өдөрлөгийн үйл ажиллагааны талаар Сэлэнгэ аймгийн Сонгуулийн хорооны дарга Ө.Сувдаа: -“Бид Сонгогчийн өдөрлөгөөр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт, сонгуулийн шинэ тогтолцоо, санал тэмдэглэх заавар, тэдгээрийн онцлог болон сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны талаар иргэд, сонгогчдыг мэдээллээр ханган ажиллаж байна.

 

Сүхбаатар сумын хэмжээнд 12 хэсгийн хороод ажиллахаар болсон. Энэ хэсгийн хороодод ажиллах бүх хүмүүс ирсэн иргэдэд мэдээллээ хүргэж байна.

 

Өмнө нь Сүхбаатар суманд 8 хэсгийн хороо ажилладаг байсан. Шинэ хуулиар 4 нэмэгдэж, 12 хэсгийн хороо ажиллахаар болсон. Ингэж хэсгийн хороод нэмэгдсэнтэй холбоотойгоор иргэд өөрсдийн байрлалаа тодорхойлох, хаана сонгуулиа өгөх вэ гэдэг газар нутгийн байршлыг илүү зааж өгч байна.


Мөн өдөрлөгийн хүрээнд саналын хуудсаа хэрхэн бөглөх зааврыг иргэдэд өглөө.

Энд Сонгуулийн Ерөнхий хорооноос иргэдэд зориулан баталж өгсөн сургалтын саналын хуудсыг  иргэдэд үзүүлж, хэрхэн саналаа өгөхийг зааж, зөвлөлөө.

 

Тухайлбал нэр дэвшигчдэд зориулсан саналын хуудас, нам, эвсэлд зориулсан саналын хуудас гэсэн 2 саналын хуудас ирсэн байгаа.

 

Үүнийг иргэд маань хэрхэн ялгаж салгаж ойлгох, хэрхэн тэмдэглэж, бөглөх талаар зөвлөмж, зааварчилгааг өглөө” хэмээв.

 

2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр анх удаа 126 гишүүн сонгогдох бөгөөд УИХ-ын 13 тойргоос 78 хүн сонгогдох бол 48 нь намын жагсаалтаар сонгогдох болсноороо онцлогтой байгаа.

Холбоотой мэдээ