СҮХБААТАР: "Мэргэн кап-2024" тэмцээнд аймгийн мэргэн Т.Энхнаран түрүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРБаруун-Урт, 2024 оны зургаадугаар
сарын 4 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Үндэсний сурын холбооноос санаачлан зохион байгуулсан Монгол Улсын мэргэн цолтой харваачдад хүндэтгэл илэрхийлэх “Мэргэн
кап-2024” тэмцээнд Дорнод аймгийн харваачдын холбоо, аймгийн мэргэн, спортын мастер Т.Энхнаран түрүүлжээ.
Анх
удаа зохиосон тус тэмцээнд улсын цолтой 32 харваач оролцжээ. Шилдэг 128 харваач цэц мэргэнээ сорьж, ам авах байдлаар явуулсан харвааны дэд байрыг үндэсний сурын Номин клубийн харваач Монгол Улсын мэргэн Б.Бутваан эзэлжээ.
"Зүлэг ногоон дэвжээ, алтан шар зурхайд минь мэргэдийн авшиг буян шингэж, нутгийн минь харваачдаас улсын цолтон төрөн гарах мөч ойрхон байгаа гэж бид бүхэн бэлгэшээж байна. Мэргэдээ нэгэн дор цуглуулж, улсын
хэмжээнд анх удаа ийм том тэмцээнийг зохион байгуулах боломжийг олгосон, үндэсний спортоо дэмжигч Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул Ганбатын Мөнхболдод нийт
харваачийнхаа өмнөөс талархал илэрхийлье. Бидний олон жилийн хүсэл, зорилгыг энэ хүн болоод аймгийн ЗДТГ, БТСГ зэрэг төрийн байгууллагууд бодит ажил хэрэг болголоо" хэмээн аймгийн Үндэсний сурын холбооны тэргүүн Э.Сансартайван сэтгэгдлээ хуваалцсан юм.
Улсын
мэргэдэд аймгийн удирдлагууд тусгайлан талархал илэрхийлж, орон нутгийн зүгээс үндэсний спортоо дэмжиж, хамтран ажиллахад
бэлэн байдгаа хэлжээ.
Үндэсний спорт тэр дундаа сурын
спортыг сурталчилсан, түгээн дэлгэрүүлсэн маш том тэмцээн болсны дээр хамрах
хүрээ, ач холбогдол, зохион байгуулалтын
хувьд хангалттай сайн байсныг мэргэд энэ
үеэр сайшаалаа.