ДУНДГОВЬ: Улсын аварга шалгаруулах хөнгөн атлетикийн тэмцээнээс 8 медаль хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-06-04 14:20:16
altantogos

Мандалговь, 2024 оны зургаадугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах хөнгөн атлетикийн тэмцээнээс Дундговь аймгийн тамирчид 2 алт, 1 мөнгө, 5 хүрэл медаль хүртлээ. Тэмцээнийг 5 дугаар сарын 29-31-нд Дорнод аймагт зохион байгуулж, нийслэлийн 4 дүүрэг, 20 аймгийн 500 гаруй тамирчин оролцжээ.  


Тус аймгийн Эрдэнэдалай сумын харьяат тамирчин Э.Сүмбэрмаа бөөрөнцөг шидэлтийн охидын төрөлд алтан медаль хүртсэн бол мөн сумын тамирчин У.Дашцог 800 м гүйлтийн төрөлд мөнгөн медалийн эзэн боллоо. Мөн хөнгөн атлетикийн 4х400 төрөлд 14-15 насны хөвгүүдийн баг алт авсан байна.


Зээрэнцэг шидэлтийн хөвгүүдийн төрөлд Сайнцагаан сумын Мандал сургуулийн тамирчин Э.Очирваань, 400 м гүйлтийн төрөлд Эрдэнэдалай сумын оролцогч Э.Энхрагчаа нар амжилт гаргаж, хүрэл медалиар шагнуулсан байна.


Түүнчлэн 4х100 төрөлд 16-17 насны охидын болон хөвгүүдийн баг, 4х400 төрөлд 16-17 насны хөвгүүдийн баг тус бүр хүрэл медаль авчээ.


Багийн нийлбэр дүнгээр нийслэлийн 4 дүүрэг, 20 аймгаас 14-15 насны төрөлд 9 дүгээр байр, 16-17 насны төрөлд 8 дугаар байр тус тус эзэллээ.



Холбоотой мэдээ