Я.Синнер дэлхийн чансааг тэргүүлэхээр боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2024-06-05 11:56:03

ПАРИС, 2024 оны зургаадугаар сарын 5 /ATP Tour/. Италийн теннисчин Янник Синнер энэ сарын 10-нд буюу ирэх даваа гарагт зарлах дэлхийн шинэ чансааны нэгдүгээрт эрэмбэлэгдэхээр боллоо. Өдгөө 22 настай тэрбээр эрэгтэй теннисчдийн чансааг тэргүүлсэн анхны Итали тамирчин болж байна. 


Оны эхэнд дэлхийн чансааны дөрөвдүгээрт бичигдэж байсан Я.Синнер Австралийн нээлттэй тэмцээн, Майамид болсон ATP Мастер 1000 тэмцээнд түрүүлж, Индиан Уэллс, Монте-Карлогийн тэмцээний хагас шигшээд шалгарсан юм. Мягмар гарагт тэрбээр Францын нээлттэй тэмцээн буюу “Ролан Гаррос”-ын шөвгийн наймд Болгарын теннисчин Григор Димитровыг хожсоноор дэлхийн чансааг тэргүүлэх болзлоо хангажээ.


Гэхдээ мягмар гарагт дэлхийн чансааны нэгдүгээрт эрэмбэлэгдэж буй Новак Жокович өвдөгний бэртлийн улмаас “Ролан Гаррос” тэмцээнийг орхиж буйгаа зарласнаар Я.Синнер дэлхийн чансааг тэргүүлж эхэлсэн байна. Өдгөө 37 настай Н.Жокович даваа гарагт Аргентины тамирчин Франсиско Черундолотой хийсэн тоглолтын үеэр баруун өвдгөө бэртээжээ.


Тийнхүү Н.Жокович тэмцээнийг орхисноор Норвегийн теннисчин Каспер Рууд “Ролан Гаррос”-ын хагас шигшээд шууд шалгарч, Александр Зверев, Алекс Де Минор нарын хожсонтой нь тоглохоор боллоо. Харин Я.Синнер Карлос Алькарас, Стефанос Циципасын хэн хожсонтой баасан гарагт учраа таарах юм. 

Холбоотой мэдээ