СЭЛЭНГЭ: Аюулгүй цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-06-05 13:28:33

Сүхбаатар, 2024 оны зургаадугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газраас санаачлан “Цусны донор танд баярлалаа” өдөрлөгийг орон нутагт зохион байгуулж байна.

 

Цусны донорын дэлхийн өдрийг угтан “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд зохион байгуулж байгаа уг өдөрлөгийг Алтанбулаг, Шаамар сум, Дулаанхан тосгоноос эхэллээ.

 

Өдөрлөгөөр донор элсүүлэх сурталчилгаа явуулж, иргэдэд үзлэг хийн 1, 2, 3, 4-р бүлгийн цус цуглуулж байна. Дээрх 2 сумаас нийт 30 шинэ донорыг одоогоор эгнээндээ элсүүлээд байна.

 

Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2023 оны байдлаар сайн дурын авлагагүй донор 1022 байгаагаас Сүхбаатар сумын хэмжээнд 450 донор байна.

 

Аймгийн хэмжээнд цус, цусан бүтээгдэхүүний 440 нэгж бий. Цус цусан бүтээгдэхүүний нөөцийг аймгийн хүн амтай харьцуулахад нэг хувьтай байгаа юм.  

 

Иймээс цаашид аюулгүй цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа аж.  

 

Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн Цусны салбар төвтэй хамтран зохион байгжжлж байгаа “Цусны донор танд баярлалаа” өдөрлөгийг цаашид бусад суманд явуулна. 

 

Холбоотой мэдээ