Олимпын цагаригийг Эйфелийн цамхагт байрлууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2024-06-08 12:22:12

ПАРИС, 2024 оны зургаадугаар сарын 8 /RFI/. “Парис-2024” олимпын наадам эхлэхэд ердөө 50 хоногийн хугацаа үлдээд байгааг тохиолдуулан баасан гарагт Францын нийслэл хотын бэлгэ тэмдэг болсон Эйфелийн цамхагт Олимпын таван цагаригийг байрлуулжээ.


Дахин боловсруулсан гангаар хийсэн 29х13 метрийн хэмжээтэй цагаригуудыг Эйфелийн цамхгийн урд талд буюу Сена мөрөн рүү харуулан байрлуулсан байна. Цагариг тус бүр нь 9 метрийн диаметртэй ажээ.


Нийт 30 тонн жинтэй Олимпын цагаригийг өргөхөд хоёр том кран ашиглаж, цамхгийн нэг болон хоёрдугаар давхрын хооронд байрлуулжээ. Олимпын цагаригийг орой бүр гэрэлтүүлэхийн тулд 100 мянган ЛЕД гэрэл суурилуулсан байна.


Ла Дам де Фер” буюу Төмөр хатагтай гэгддэг Эйфелийн цамхаг нь Парисын олимп, паралимпын наадмын үеэр онцгой чухал үүрэгтэй юм. Тухайлбал, 135 жилийн түүхтэй тус цамхгийн дэргэд элсний волейболын тэмцээн болно. Эйфелийн цамхгийн дэргэдэх түр цэнгэлдэх хүрээлэнд болох тэдгээр тэмцээнийг 13 мянга орчим хүн үзэж сонирхох ажээ.


Мөн Эйфелийн цамхгаас авсан ган хэлтэрхийнүүдийг олимп, паралимпын медалиудад шигтгэж өгсөн юм. Парисын олимп ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний хооронд, паралимп наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 8-ны хооронд тус тус болно.

Холбоотой мэдээ