Л.Месси Парисын Олимпод оролцохгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТМОСКВА, 2024 оны зургаадугаар сарын 13 /TASS/. Хойд Америкийн хөл бөмбөгийн MLS лигийн “Интер Майами” багийн довтлогч Лионель Месси Парисын Олимпод өрсөлдөх Аргентины шигшээ багийн бүрэлдэхүүнд орохгүй байхаар шийджээ.
Тэрбээр шийдвэрийнхээ талаар шигшээ багийн ахлах дасгалжуулагч Хавьер Маскеранод хэдийнээ мэдэгдсэн гэж “Mundo Deportivo” сонинд мэдээлсэн байна. Дасгалжуулагч Х.Маскерано Л.Мессиг Олимпын шигшээ багт урьсан талаар өмнө нь мэдээлж байсан юм.
"Би Маскеранотой ярилцсан, бид хоёул нөхцөл байдлыг ойлгосон. Америкийн цомын тэмцээн эхлэх гэж байгаа учраас одоо Олимпын талаар бодоход хэцүү байна. Тэгээд ч миний хувьд бүх тоглолтыг алгасахгүй оролцдог нас минь өнгөрөөд байна" гэж тэрбээр хэлжээ.
Өдгөө 36 настай Л.Месси Аргентины шигшээ багийн бүрэлдэхүүнд 2008 оны Бээжингийн Олимп, 2022 онд Катарт болсон ДАШТ-нд түрүүлж байсан билээ.
Парисын Олимпын эрэгтэйчүүдийн хөл бөмбөгийн тэмцээнд 23 нас хүрээгүй /Олимп болж байх үед/ тоглогчид оролцох бөгөөд гэхдээ нэг багийн 18 хөлбөмбөгчний дотор 23-аас дээш насны гурван тоглогч байж болно гэж зөвшөөрчээ. Харин эмэгтэйчүүдийн шигшээ багуудын хувьд насны хязгаар тогтоогоогүй байна.