Тейлор Свифтийн тоглолтын үеэр үзэгчид газар хөдөлгөжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ЛОНДОН, 2024 оны зургаадугаар сарын 14 /CNBC/. Шотландын Эдинбург хотноо гурван орой болсон Америкийн дуучин Тейлор Свифтийн тоглолтын үеэр үзэгчид газар хөдлөлт үүсгэжээ.
Түүний “Eras” аялан тоглолтоос хотод төдийгүй улсад үзүүлэх санхүүгийн нөлөө ч мөн асар их байх төлөвтэй
байгаа бөгөөд улсын эдийн засагт 1 тэрбум орчим фунт стерлингийн /1.27
тэрбум доллар/ орлого оруулахаар байгааг Британийн “Barclays” банкны
хийсэн судалгаагаар тогтоосон байна.
Өнгөрсөн долоо хоногийн баасан, бямба, ням гаргуудад болсон Т.Свифтийн тоглолт 3 цаг хагасын турш үргэлжилж, Эдинбургийн “Маррифилд” цэнгэлдэх хүрээлэн түүхэндээ хамгийн олон үзэгчийг хүлээн авчээ.
“Шүтэн бишрэгчид хөгжмийн хэмнэлд нэгэн зэрэг бүжиглэх үед газар хөдлөлт бүртгэгдсэн, Т.Свифтийг “Ready For It?”, “Cruel Summer”, “Champagne Problems” дуугаа дуулах үеэр газар хөдлөлтийн хамгийн хүчтэй чичирхийллүүдийг үүсгэсэн” гэж Их Британийн Геологийн алба мэдээлжээ.
“Бид газар хөдлөлтийн маш сул чичирхийллийг ч тодорхойлох чадалтай шинжлэх ухааны дэвшилтэт багаж хэрэгслийг ашигладаг бөгөөд цэнгэлдэх хүрээлэнд чичирхийлэл бүртгэгдэх үед ойр орчимд байсан хүмүүсээс бусад хүнд мэдрэгдээгүй байх магадлалтай” гэж уг мэдэгдэлд дурдсан байна.