ХЭҮК-оос сонгуулийн үед мөрдөх зөвлөмж гаргажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 14 /МОНЦАМЭ/. ХЭҮК-оос УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч, улс төрийн нам, эвсэл, сонгуулийн бүх шатны байгууллага, сонгуулийн эрх бүхий иргэдэд хандсан зөвлөмж гаргажээ.
Ингэхдээ сонгууль
зохион байгуулах үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, сонгуулийн оролцоог хангах, сонгогчийг
ялгаварлан гадуурхахгүй байх, хүсэл зориг, үзэл бодлын чөлөөт
илэрхийллийг сахин хамгаалах, үзэн
ядалт, хүчирхийлэл, үндэсний эв нэгдлийг бусниулахад уриалсан илэрхийлэл, хүний
нэр төр, эрхэм чанарыг гутаах худал мэдээлэлтэй тэмцэх, хүний хувийн мэдээллийг хамгаалах, кибер
аюулгүй байдлыг хангах, зөрчил,
маргааныг шуурхай шийдэхийг онцгойлон тусгасан байна.
Зөвлөмжид:
Нэг. Сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны ил тод
байдлыг хангах
Санал гаргахаас бусад сонгуулийн үйл явц ил тод байх нь олон
нийтийн төрд итгэх итгэлийг бэхжүүлэх, үл ойлголцол, зөрчилдөөнөөс урьдчилан
сэргийлэх суурь нөхцөл тул:
Сонгогчдын нэрийн жагсаалтыг нягтлан шалгаж, давхардал,
зөрчлийг арилгах, сонгогчдын нэрсийн жагсаалтад “түр хасав” нэмэлт тэмдэглэгээ
хийлгэсэн иргэний ийнхүү тэмдэглүүлсэн шалтгаан арилсан тохиолдолд бүртгэлийг
даруй сэргээн, сонгох эрхээ саадгүй хэрэгжүүлэх нөхцөлийг хангах;
Сонгуулийн ажиглагчид чиг үүргээ ялгаварлалгүй, зохих ёсоор
хэрэгжүүлэх нөхцөлийг хангах, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал
өгөх сонгогчийн нэрийн жагсаалт, зохион байгуулалтын талаарх мэдээллийг
урьдчилан өгч, зөөврийн хайрцгаар санал хураахад ажиглалт хийх боломж
бүрдүүлэх;
Санал хураах төхөөрөмжийн ажиллах горим, санал хураалтын
үнэн зөв байдлыг хянах механизмын талаарх мэдээлэл, сурталчилгааг өргөн
хүрээтэй явуулах;
Хяналтын тооллогын ил тод байдал хангах, үйл явцыг
сонгуулийн ажиглагчид саадгүй хянах, баримтжуулах, цахим орчинд шууд мэдээлэх
боломжийг бүрдүүлэх;
Сонгуулийн хэсгийн хороод санал авах цаг дуусах хүртэл хууль
тогтоомжид заасан зарчим, зохион байгуулалтыг чанд мөрдөх.
Хоёр. Сонгуулийн оролцоог хангах, сонгогчийг ялгаварлах,
гадуурхахгүй байх
Саад бэрхшээлгүй, чөлөөтэй саналаа өгөх боломжийг сонгогч
бүрд бүрдүүлэх нь төрийн үүрэг, иргэний үндсэн эрх, засгийн бүх эрх ард түмний
мэдэлд байх Үндсэн хуулийн зарчмын биелэл тул:
Санал авах байрыг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настанд
тохиромжтой байлгах, энэ талаарх стандартыг чанд мөрдөх,
санал авах байрыг барилгын хоёр,
түүнээс дээш давхарт, эсхүл хонгилын
давхар (подваль)-т байршуулах, өндөр довжоотой, орц гарц хүртээмжгүй, санал
авах байрны мэдээлэл, тэмдэглэгээ ойлгомжгүй байх зөрчлийг давтахгүй байх;
Харааны бэрхшээлтэй иргэд санал авах байранд чөлөөтэй
зорчих, саналаа нууцаар гаргах нөхцөлийг хангах, санал гаргах талаарх
зааварчилгааг сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүмүүст ойлгомжтой хүргэх;
Саналын хуудсыг бөглөх, санал тоолох машинд уншуулах
туршилт, мэдээлэл, сурталчилгааг хүртээмжтэй явуулж, саажилттай, харааны
бэрхшээлтэй, өндөр настай зэрэг саналын хуудаст бүтэн тэмдэглэгээ хийх боломж
хязгаарлагдмал иргэдийн санал гээгдэхгүй байх техникийн тохиргоог бүрдүүлэх.
Гурав. Хүсэл зориг, үзэл бодлын чөлөөт илэрхийллийг сахин
хамгаалах
Сонгууль бүхэлдээ төрийн эрх барих байгууллагын төлөөллийг
сонгох ард түмний хүсэл зоригийн илэрхийлэл, сонгуулийн үеэр улс төрч, намууд,
Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжлэх, тайван жагсаал, цуглаан зохион байгуулах нь ардчилсан улсад ердийн
үйл явц тул:
Улс төрч, улс төрийн нам, Засгийн газрын үйл ажиллагааг
шүүмжилсэн хүнийг ялгаварлан гадуурхах, мөрдөн мөшгөх, ил, далд хэлбэрээр
сануулах, биеэр болон харилцаа холбооны хэрэгслээр сүрдүүлэх, дарамтлах, хүсэл
зоригийг мохоох аливаа үйлдэл гаргахгүй байх;
Иргэн хууль ёсны үзэл бодол, итгэл үнэмшлээ илэрхийлснийхээ
улмаас бусдын дарамт, халдлагад өртөхөөс хамгаалах арга хэрэгслийг идэвхжүүлэх;
Тайван жагсаал, цуглааныг цагдаагийн байгууллага хамгаалж
дэмжих, эсрэг шаардлага бүхий зэрэгцээ цуглааныг зохицуулах туршилт, дадлага
хийж, бэлтгэл хангах;
Санал авах байрны хяналтын камерыг сонгогчийн саналаа нууцаар гаргах эрхэд
саад учруулахгүй байрлуулж, шаардлагатай бол ХЭҮК-оос
тухайлсан зөвлөмж авах.
Дөрөв. Үзэн ядалт, хүчирхийлэл, үндэсний эв нэгдлийг
бусниулахад уриалсан илэрхийлэл, хүний нэр төр, эрхэм чанарыг гутаах зорилготой
худал мэдээлэлтэй тэмцэх
Худал,
ташаа мэдээлэл нь сонгуулийн үед хүний нэр төр, аюулгүй байдалд заналхийлж,
нийгмийг талцуулж, хүчирхийллийг өдөөж болзошгүй. Энэ эрсдэлийг цахим технологи, хиймэл оюуны хөгжил, олон нийтийн
сүлжээ хурцатгах боломжтой тул:
Улс төрч, улс төрийн хүчнүүд үзэл ядалт, хүчирхийлэлд
уриалахгүй, бусдын нэр төрийг гутаах зорилготой худал мэдээлэл тараахгүй,
эмэгтэй улс төрчийг хүйсийн хувьд гутаан доромжлохгүй, сонгуулийн
сурталчилгаанд хүүхдийг ашиглахгүй,
хүнлэг, шударга улс төрийн өрсөлдөөн явуулах;
Хиймэл оюун, олон нийтийн сүлжээ ашиглан үзэн ядалт,
ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэлд уриалсан илэрхийлэл, хүний нэр төр, эрхэм
чанарыг гутаах худал мэдээлэл бүхий контент бүтээхэд сонгуулийн сурталчилгаа
явуулж байгаа, технологи хөгжүүлж буй
хүн, хуулийн этгээд оролцохгүй байх, ийм мэдээллийг хэвлэл мэдээллийн
байгууллага, олон нийтийн дунд болон цахим орчинд
түгээхгүй байх;
Мэдээллийн үнэн бодит байдлыг нягтлах, бусдын нэр төрийг
гутаах зорилготой худал мэдээллийг санаатай тараасан гэмт үйлдлийг таслан
зогсоох, мөрдөн шалгах, мэдээллийн тархалтыг хязгаарлах чиг үүрэгтэй албан үйл
ажиллагааг идэвхжүүлэх, албан бус механизм (Factcheck зэрэг)-ийг дэмжих, албан, албан бус хяналтын
механизмуудын хамтын ажиллагааг сайжруулах;
Тав. Хүний хувийн мэдээллийг хамгаалах, кибер
аюулгүй байдлыг хангах
Хүний хувийн мэдээллийг хамгаалах, кибер аюулгүй байдлыг
хангах нь цахим эрин үеийн сонгуулийг шударга явуулах үндэс тул:
Хүний хувийн мэдээллийг хамгаалж, иргэдийн регистрийн
дугаар, гэрийн хаяг, холбоо барих мэдээллийг хуулиар эрх олгогдоогүй этгээд
ашиглах, боловсруулах, сонгогчдыг мөнгө, эд зүйл, бусад амлалтаар татах зэрэг
хууль бус үйлдэлд ашиглахаас хамгаалах, ийм зөрчлийг шуурхай таслан зогсоох,
хариуцлага тооцох механизмыг идэвхжүүлэх, энэ талаар олон нийтэд сурталчлах;
Сонгуулийн дэд бүтцийн кибер аюулгүй байдлыг дээд хэмжээнд
хамгаалах арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх, олон нийтийг мэдээллээр хангах;
Зургаа. Зөрчил, маргааныг шуурхай шийдвэрлэх
Сонгуулийн үед зөрчил, маргаан шийдвэрлэх чиг үүрэгтэй
байгууллагууд шуурхай, баримтад үндэслэсэн шийдвэр гаргах нь үл ойлголцол,
талцал, хурцадмал байдлаас сэргийлэх үндсэн нөхцөл тул:
Сонгуулийн хууль тогтоомжийг зөрчсөн тухай гомдол, маргааныг
СЕХ, УБЕГ, цагдаагийн байгууллага, шүүх шуурхай
шийдэх, шийдвэрийн үндэслэлээ маргаанд оролцогч талууд, олон нийтэд ойлгомжтой
тайлбарлах бэлэн байдлыг хангах;
Жагсаал, цуглаан тайван бус, хүчирхийллийн шинжтэй болсон, болзошгүй нь баримтаар тогтоогдох
үед зөвхөн эрсдэлт нөхцөл байдалд зохистой хэмжээнд албадлагын арга хэмжээ
хэрэглэх, жагсаал, цуглааны зарим хэсэг тайван бус болвол түүнийг бүхэлд нь албадан тараах
үндэслэл болохгүйг цагдаагийн алба хаагчдад таниулах, жагсаал, цуглааны үеэр
авсан албадлагын арга хэмжээний эрх зүйн үндэслэл, үүссэн нөхцөл байдалд
тохирсон эсэхийг олон нийтэд шуурхай мэдээлэх гэсэн байна.
Түүнчлэн, ХЭҮК сонгуулийн
үйл явцыг хянаж, хүний эрхийн
зөрчлийг баримтжуулан дүн шинжилгээ хийж, эрх бүхий байгууллага
иргэдийн гомдол, мэдээллийг шуурхай шийдэхэд хамтран ажиллахын сацуу хүний эрх,
эрх чөлөөг хөндөх аливаа үл ойлголцол, зөрчил, маргаан, үүссэн тохиолдолд
асуудлыг яриа хэлэлцээр, зөвшилцлийн аргаар шийдвэрлэхэд идэвхтэй оролцоход
бэлэн болохоо илэрхийлжээ.