Улсын начин Б.Баянмөнх: 26 жилийн хөдөлмөрийнхөө үр шимээр улсын цолд хүрлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-06-17 12:15:28

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат аймгийн хурц арслан Б.Баянмөнх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр улсын начин цолын үнэмлэх, тэмдгийг гардан авлаа.


Түүний хувьд улсын наадамд дөрвөн удаа гурав, нэг удаа дөрөв, гурван удаа хоёр давсан юм. Харин 2014 онд Баян-Өлгий аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан, үүнээс таван жилийн дараа буюу 2019 онд Ховд аймгийнхаа наадамд түрүүлснээр “Хурц” чимэг хүртсэн байдаг.


Тэрбээр, “Би 2006 онд сумын заан, 2014 онд аймгийн арслан цол хүртсэн. Арав, арван жилийн зайтай цол авчээ, баяртай байна. Монголын ард түмэн, надад тусалж дэмждэг бүх хүнд, Ховд аймгийн Мөнххайрхан суманд суугаа аав, ээж, ах дүү нартаа маш их баярлалаа. Өнгөрсөн жилийн улсын баяр наадамд цол авна, дээгүүр даваанд барилдана л гэсэн зорилготой зүлэг ногоон дэвжээнд гарсан. Ер нь, бөхчүүд ийм л зорилготой барилддаг болов уу. Юм шударга сайхан болж байна, надад илүү хэлэх зүйл алга. Би сэргээшийн төрлийн бодисын эсрэг хатуу байр суурьтай байдаг. Арван настайгаасаа хойш 26 жил барилдлаа. Энэ жил миний 37-ны жил орж байна. Олон жил зүлэг ногоон дэвжээнд барилдаж, өнөөдөр улсын начин цолд хүрлээ” хэмээн ярив.

Холбоотой мэдээ