ДУНДГОВЬ: Зуны гэр цэцэрлэгт 80-92 хүүхэд суралцаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-06-18 13:47:34
altantogos

Мандалговь, 2024 оны зургаадугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын цэцэрлэг малчдын хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах зорилгоор Тэнгэлэг, Өнгөт, Рашаант, Сангийн далай багт зуны гэр цэцэрлэг ажиллуулж байна.


Зуны цэцэрлэгийн үйл ажиллагааны талаар сумын цэцэрлэгийн эрхлэгч Х.Цэрэнгээс тодруулахад, “Малчдын хүүхдүүд зарим нь огт цэцэрлэгт хамрагдаж чадалгүй сургуульд орох болдог. Тиймээс энэ хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгох зайлшгүй хэрэгцээ байна.


Манай сумын хувьд 7 багтай. Тэдгээрийн 4 багт нь зуны цэцэрлэг ажиллуулж, 80-92 хүүхэд тогтмол явж байгаа. Малчид ойр нь 5 км, хол нь18-20 км-ээс хүүхдээ зөөж байна. Бүр холоос ирдэг хүүхдүүд зарим үед багштайгаа цэцэрлэгтээ хонодог.


Түүнээс гадна Рашаант баг дээр НҮБ-ын санхүүжилтээр бага сургууль байгуулж, бага ангийн хүүхдүүдийн хичээлийн хоцрогдол арилгах чиглэлээр манай цэцэрлэгтэй хамтран ажиллаж байгаа. Хүүхдэд гардаг хөгжлийн хоцрогдол арилгах, ялангуяа хүүхдийг нийгэмшүүлэх нь маш чухал байгаа тул бид энэ ажлыг зохион байгуулж байгаа. Хүүхдүүдэд маш их өөрчлөлт, ахиц гарч эхэлсэн” гэлээ.


Зуны гэр цэцэрлэг 6 дугаар сарын 24 хүртэл өдөр бүр ажиллана. 









Холбоотой мэдээ