БАЯНХОНГОР: Нийтийн дэг журам, аюулгүй байдлыг хангуулах захирамж гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-06-21 18:00:34

Баянхонгор, 2024 оны зургаадугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, нийтийн дэг журам аюулгүй байдлыг хангах аймгийн Засаг даргын захирамж гарлаа.


Гудамж, талбай, олон нийтийн газарт хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон дүрэм, журмыг сахиулах гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Засаг даргын "Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, нийтийн дэг журам, аюулгүй байдлыг хангах тухай" А/372 дугаар захирамж батлагдсан байна. 


Тус захирамжийн хүрээнд:

-Аймгийн хэмжээнд 2024.6.27-6.29-ний өдрийг хүртэл согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо.

-Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байх, хууль зөрчсөн үйлдэл гаргахаас урьдчилан сэргийлж ажиллахыг нийт төрийн албан хаагчид үүрэг болголоо.

-Согтууруулах ундааны эрэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, цагийн хуваарийг чанд мөрдөж, иргэдэд стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн худалдахыг аж ахуйн нэгжийн захирал нарт үүрэг болгов. 


Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль зөрчсөн аливаа үйлдэлд өртөхгүй байж, түүнээс урьдчилан сэргийлэх, хууль бус үйл ажиллагаа явуулахгүй байхыг нийт иргэнд уриалж байна.

Холбоотой мэдээ