Стэнлийн цомын эзэн долоо дахь тоглолтоор тодорно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2024-06-22 14:59:31

ОТТАВА, 2024 оны зургаадугаар сарын 22 /TASS/. Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн Стэнлийн цомын тэмцээний финалын цувралын зургаа дахь тоглолтод "Эдмонтон Ойлерс" багийн хоккейчид "Флорида Пантерс" багийг талбайдаа 5:1-ээр хожлоо. 


“Ойлерс" багаас Уоррен Фёгеле (8 дахь минут), Адам Хенрик (21), Зак Хайман (39), Райан Маклауд (57), Дарнелл Нурс (57) нар шайб оруулжээ. Зочин багийн шайбыг Александр Барков (42) хийсэн байна.


“Пантерс”-ын орос хаалгач Сергей Бобровский 19 цохилтын 16-г нь хаажээ. Эдмонтоны  багийн довтлогч З.Хайман энэ улирлын плей-оффт 16 дахь шайбаа оруулж, "Вашингтон Капиталс" багийн ахлагч Александр Овечкин (2017/18 оны улиралд 15 шайб), Канадын довтлогч, "Питтсбург Пингвинс" багийн ахлагч Сидни Кросби (2008/09 оны улиралд 15 шайб) нарын амжилтыг эвдлээ. Энэ үзүүлэлтээр дээд амжилтыг Рэгги Лич, Жари Курри нар эзэмшдэг бөгөөд тэд тус бүр 19 шайб оруулж байлаа.


Зургаан тоглолтын дараа цувралын оноо 3-3 болж тэнцлээ. Шийдвэрлэх тоглолт зургаадугаар сарын 25-нд "Флорида Пантерс”-ын талбайд болно. “Эдмонтон Олейрс”-ын хувьд финалын цувралд 0-3-аар хожигдож яваад тэнцүүлсэн түүхэн дэх гурав дахь баг болж байна. 


Холбоотой мэдээ