Б.Нарандэлгэр: Дэлхий ертөнц үүссэнээс эхлээд өнөөгийн Монголын түүхийг хөгжмөөр өгүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөгжмийн гүйцэтгэх продюссерээр ажиллаж буй Монгол Улсын Соёлын элч, Монгол угсаатан хэл хуурчдын холбооны ерөнхийлөгч Б.Нарандэлгэрээс ярилцлаа.
-Монгол түмний их баяр наадам хаяанд ирээд байна. Энэ жилийн Үндэсний их баяр наадам урьд жилүүдийнхээс ямар онцлогтой байх вэ?
-Энэ жилийн наадам “Эх дэлхий, энх орихуйн цадиг”-ийг бэлгэдсэн уриатай. Энэ жилийн наадамд миний хувьд хөгжмийн гүйцэтгэх продюссэрээр ажиллаж байгаа. Хөгжмөөр дамжуулан дэлхий ертөнц үүссэн цагаас өнөөгийн Монголын түүхийг 15 үзэгдлээр харуулна. Дэлхий анх үүссэнээс хойш хүн төрөлхтөн ямар соёл иргэншилд хүрсэн тухай өгүүлнэ. Дэлхийд хүн үүсэхдээ монгол нутагт үүссэн гэж ярьдаг шүү дээ. Тиймээс тухайн үеийн хөгжмийн зэмсэг, авиа зүй, хөөмий, шуранхай, хоолойн лимбэ, археологийн олдвороор олдсон алтайн ятга, ясан хэл хуур гэх мэт өвөг хөгжмийн үүх түүхийг шигтгэн хүн, байгалийн шүтэлцээг хөгжмөөр илэрхийлнэ.
Мөн Монголын түүх хэрхэн өрнөснийг саунд синиматик дуугаралттай тухайн орчинд очсон мэт сэтгэгдэл төрүүлэхийг зорьж байна. Өмнөх жилийн наадамд үзэх зүйлийг хүн хүч, массаар үзүүлж байсан бол энэ удаа график дизайн буюу сүүлийн үеийн технологи ашиглан дэлхий хэлбэртэй 3D байдлаар харагдах дэлгэц хийлгэж байгаа. Бүх үзэгдлийн хэсгүүдэд монгол өв уламжлалыг илүү урлаг соёл талаас нь, саунд эффектийг дижитал саунд биш хүн хөгжим буюу авиан аудио синиматик байдлаар хийж байгаагаараа онцлог гэж хэлж болох юм. Миний хувьд уран бүтээл дижитал гэхээсээ илүү орчин үелэг. Тиймээс хөгжим талаасаа ритм нь “beatbox” байдаг байсан бол энэ удаа арьсан бөмбөр байх жишээтэй. Байгаль, эх дэлхийг хэм хэмнэлээр үзүүлж буй мэт авиаг харуулах юм.
-Хэчнээн уран бүтээлч ажиллаж байна вэ?
-Маш олон уран бүтээлч ажиллаж байна. Цэргийн дуу бүжгийн чуулга болон бүх урлагийн театрын бүжигчид, “Түмэн эх” чуулгын уртын дуучид, хөөмийчид ажиллана. Энэ жил хөөмий болон уртын дууны хоор гэхчлэн сонин сонин бүтээлийг шигтгэн оруулж байгаа. Хүн байгальтай авиагаар харьцдаг. Тиймээс байгалийн дуу чимээ, дуугаралтыг хүмүүст мэдрүүлэхийг зорьж байна. Хүний дотоод сүнсийг илэрхийлсэн аялгуутай бүтээлүүдийг туурвицгааж байна.
-Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгон зарлаж улс орноо олон улсад сурталчилж байгаа. Энэ хүрээнд Үндэсний их баяр наадмыг зорин ирж буй гадаадын жуулчдад ямар бэлэг барих вэ?
-Бид наадмыг монголчууд төдийгүй дэлхийн хэмжээнд гаргах контент хэмээн маш их анхаарал хандуулж байгаа. Яагаад синиматик дуугаралттай, монголчуудад уламжилж ирсэн авиаг голчлоод байна вэ гэхээр, дэлхийн бусад улс оронд байдаггүй өв хөгжим, урлаг соёлоо илүү түлхүү шигтгэсэн, гадаадынханд зориулсан контент гэж ойлгож болно.
-Тухайлбал, ямар ямар хөгжмийн зэмсгийг онцолж байна вэ?
-Хоолой лимбээс эхлээд хөөмий, бие биелгээ, алтайн ятга зэргийг дурдаж болно. Мөн Хубилай хааны үеийн олдвороос олдсон эртний хөгжмүүд, Хархорум болон тухайн үеийн түүхийн цадиг, уур амьсгалыг харуулахыг зорьж байна. Тухайлбал, үзэгч 3D кино үзэхдээ яаж дотор нь ордог билээ наадамдаа түүнийг үзүүлэх юм.
Мөн хуучин бүтээлүүдээ шинэчилж байгаа. Тухайн бүтээл нь орчин үеийн хэлэмжтэй байсан бол бүр эртний хэлэмж рүү аваачих байдлаар өөрчилж, баяжуулж хөгжүүлж байгаа.
Энэ жилийн наадмыг “Эх дэлхийгээ хайрлая” уриатай зохион байгуулна. Тиймээс уран бүтээлчид болон хүрэлцэн ирж буй үзэгч түмэндээ хогоо ил задгай хаяхгүй байх, эх дэлхийгээ хайрлахыг уриалсан контент хийж гаргана. Мөн 99 морин хуураар хуурын хөг тэгшлэх зан үйл хийнэ. Энэхүү зан үйлийн талаарх мэдээллийг контентоор хүргэнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар айл өрх бүр морин хуур залсан. Гэхдээ тэрхүү морин хуураа залдаггүй, хөглөдөггүй учраас хэрэглээнд оруулах, хэрхэн хөглөх талаар танилцуулах зааварчилгааны контент цацна. Наадмын үед хөг тэгшлэх зан үйл явуулах учир хүн бүр морин хууртайгаа ирэхийг уриална.
Айлын гэрт байгаа мянга мянган морин хуурыг хамтдаа хөг тэгшлэх зан үйлийг цаашид уламжлал болгоно.
Энэ жилийн наадмын гол үзүүлэх зүйл бол хоёрхон чавхдастай морин хуураар дэлхийн бүх хөгжмийг тоглох боломжтойг сурталчлахыг нэн эрхэмлэж байгаа. Энэ нь урлаг соёлын салбарын бидний хувьд маш сайхан зүйл гэж үзэж байна.
-Монгол Улсын Соёлын элчийн хувьд сүүлийн үед ямар ажил хийж байна вэ?
-“Go Mongolia” зорилтын хүрээнд, 2024 оны Парисын Олимпод “Mongolian house” буюу Парис хотноо Монголыг сурталчлах таун баригдаж байгаа. Соёлын элч, уран бүтээлчийнхээ хувьд, монгол өв соёлоо таниулан сурталчлах чиглэлээр ворк шопоос гадна тоглолт хийхээр яригдаж байна. Мөн 6 дугаар сарын 26-наас 8 дугаар сарын 5-ныг хүртэл Европын дөрвөн улсад тоглолттой. Европт байгаа монголчуудын наадмын нээлтэд оролцохоос гадна, 3000 германчуудад зориулан тоглолт хийнэ. Наймдугаар сард Монголдоо ирэн, 8 дугаар сарын 16-18-нд Нүүдэлчдийн соёлын фестивальд Монгол угсаатан хэл хуурчдын холбоогоороо дамжуулан өртөөчилсөн гэрт 21 аймгийн хэл хуурын онцлог, өв соёлыг таниулан сурталчлах үйл ажиллагаа явуулна. Монгол угсаатан хэл хуурчдын холбоог өргөжүүлэхээр Европын улс орноор явж байхдаа салбар холбооны тэргүүлэгчдийг томилох төлөвлөгөөтэй байна. Мөн наймдугаар сарын 24-25-нд Монгол Улсын хэмжээнд хэл хуурчдын анхдугаар тэмцээнийг зохион байгуулна. Энэ үеэр шилдэг хэл хуурч, өвлөн уламжлагч, хэл хуур урлаач, хүүхдийн зэрэг ангиллаар шилдгүүдийг шалгаруулна. Түүнчлэн Дэлхийн хэл хуурын нийгэмлэгийн XX фестивальд хэл хуурчдаа оролцуулахаар ажиллаж байна.