ДУНДГОВЬ: Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын тулгамдсан асуудлыг хэлэлцэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-07-04 13:35:29
altantogos

Мандалговь, 2024 оны долоодугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн “Галт билэг” тогоочдын холбооноос хоол үйлдвэрлэлийн салбарын бодлого тодорхойлогч, хяналт тавьж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудтай хамтран уулзалт зохион байгуулж, хоол үйлдвэрлэлийн салбарт тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ.


Уулзалтад Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Стандарт хэмжил зүйн газар болон хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр ажилладаг ресторан, зочид буудал, зоогийн газрын эзэн, тогооч  зэрэг 50 хүн оролцжээ.


Аялал жуулчлалыг хөгжүүлэх нь Дундговь аймгийн хөгжлийн нэг зорилт юм. Орон нутагт жуулчдыг татах, ирсэн жуулчдын сэтгэл ханамжийг өндөр байлгах нь тэдэнд үзүүлэх олон талын үйлчилгээний чанар, хүртээмж, орон нутгийн онцлогийг тусгасан цогц үйл ажиллагаатай холбоотой. Тэр дундаа хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын хөгжил онцгой үүрэгтэй юм.


Тиймээс “Галт билэг” тогоочдын холбооноос хоол үйлдвэрлэлийн салбарын хөгжил, өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлжээ. Энэ талаар тус холбооны тэргүүн Д.Энхтуяа оролцогч талуудад танилцуулга хийж, цаашид үйл ажиллагаагаа хэрхэн сайжруулах талаар хэлэлцсэн байна.


Тус аймгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагууд хэрэглэгчдийнхээ хэрэгцээг судалдаггүй, хэрэглэгчийн онцлог, хүсэл сонирхлыг анхаардаггүй төдийгүй бүтээгдэхүүний төрөл цөөн, чанар тааруу, хоолны технологийн картыг дур мэдэн өөрчилдөг, үйлчилгээ хангалтгүй байгааг тэрээр онцолсон.


Мөн түүнчлэн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ажилтнуудыг чадавхжуулах, хүний нөөцийг бэлтгэх хэрэгцээтэй бөгөөд орон нутгийн онцлогт тохирсон брэнд хоол гаргах, үйлчилгээнийхээ чанарыг сайжруулах шаардлагатайг тодотгож, цаашид “Галт билэг” тогоочдын холбоо тус салбарыг хөгжүүлэхэд анхаарч, хамтран ажиллахаа мэдэгджээ.



Холбоотой мэдээ