ДОРНОГОВЬ: Хатанбулаг сум

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-07-05 09:36:57

Сайншанд, 2024 оны долоодугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй сумдыг цувралаар хүргэж байна. Хатанбулаг сум 1924 онд байгуулагдсан. 1931 онд Дорноговь аймгийн харьяанд Хайрхан жаргалант сум нэртэй төвлөрч байжээ.


Тус сум  зургаан багтай, 3062 хүн амтай, 169717 толгой малтай. Аймгийн төвөөс урагш 240 км Улаанбаатар хотоос зүүн урагш 690 км алслагдсан. Гуч гаруй сая жилийн өмнөх шим ертөнцийн гэрч, эртний сүүн тэжээлтэн, загас, яст мэлхий, үлэг гүрвэл зэрэг сээр нуруутны өлгий, эртний хүмүүсийн сүг зураг буюу байгалийн урлан цогцолсон газар.


Эзэнт гүрний үеийн өртөө замын үргэлжлэл, алдарт Сулинхээрийн хязгаар, эртний түүхийг өгүүлэх Хутаг уул, Эргэлийн зоо, Хатны булаг гэх түүх домог, археологиийн олдвор, байгалийн сайхныг өгүүлэх нутаг. Хатанбулаг сумаас Богд Хаант Монгол Улсын шалгарсан баатар Б.Мааньзав, Ардын хувьсгалын партизан М.Базар, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар С.Чимэддорж, Ч. Дүгэрээ, Төрийн шагналт, ардын жүжигчин, зууны манлай бүжиг дэглээч Ц. Сэвжид, Төрийн шагналт, Ардын зураач Л.Гаваа, Монгол Улсын төрийн шагналт Д.Ганболд, С.Сүхбаатар, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн эдийн засгийн ухааны доктор, академич Н. Жагварал, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Ж. Гончиг, Б. Шүхэрт зэрэг олон алдартан төрөн гарчээ.




Эртний домогт өгүүлдэг Хатны булаг сумын төвөөс баруун урагш 25 км зайд оршино. Чингис хаан 1226 онд Тангуд улсыг дайлаар мордож одоогийн Хатанбулаг сумын нутаг Сайрын ус, Эргэлийн зоогоор орж, Хатны булаг орчимд буудалж, бага борлог мориороо анд мордож хулан агнаж яваад, мориноосоо унаж бэртэн жил шахам байрласан гэх домогтой. Үүний ул мөр Хатны булгийн хоёр талд баруун, зүүн шивээ гэдэг нэртэй хоёр жижиг толгойд харуул, хэвтүүл байсан гэдэг.


Булгийн ойролцоо нэгэн түмэн цэрэг байрлаж байсан болов уу гэмээр чулуугаар барьсан таван хашаа бий. Мөн Хатны бунхан нэртэй овоолго байдаг. Үүнийг Чингис хааны хатны бунхан гэж нэрлэдэг. Хатанбулаг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн 1998 оны 4/8 дугаар тогтоолоор Хатны булгийг тусгай хамгаалалтад авсан. Тус сум энэ жил Монгол Улсын тэргүүний сумаар шалгарч Засгийн газрын шийдвэрээр 100 сая төгрөгөөр шагнуулсан билээ.


Монгол Улсын Засгийн газраас улсын тэргүүний сумын шалгуурыг 19 үзүүлэлтээр баталсан байдаг бөгөөд дээрх шалгуур үзүүлэлтийг тус сум хангасан байна. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд сумын төвийн жижиг уурын зуухнуудыг халж төвлөрсөн дулааны эх үүсвэртэй болсон төдийгүй өндөр хурдны интернэт тавьж, улсын төсвийн 7.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 320 хүүхдийн цогцолбор сургуулийг энэ онд ашиглалтад оруулсан байна.


Сумын түүхт 100 жилийн ойн баяр наадам энэ оны долоодугаар сарын 19-20-нд болно.

Холбоотой мэдээ