Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засвар 85 хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-07-06 10:13:38

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, дотор талбайг үндсэн хоёр хэсэгт хуваан засварлаж байна.


Засварын ажлын явц 85 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд долоодугаар сарын 9-нд дуусгах төлөвлөгөөтэй аж. “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалангийн өгсөн мэдээллээр тус байгууламжийн хоёр талаар орж ирдэг авто замыг хааж, орц, гарцыг нэгдсэн зохион байгуулалтад оруулан, автомашингүй бүс болгох аж.


Мөн баяр наадмын өдрүүдэд хүрээлэнгийн чанх ард 7000 ам метр талбайг авто зогсоол хэлбэрээр тохижуулан, асфальт бетоноор хучиж, тэмдэг тэмдэглэгээг хийж дуусгажээ. Зогсоолд нийт 220 автомашин зогсох боломжтой бөгөөд үүний найм нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан бол тав нь том оврын автобусны зогсоол байхаар төлөвлөсөн байна. Бусад үед 80 хувьд нь автомашингүй бүс байхаар зохицуулалт хийх юм.


Түүнчлэн хүрээлэнгийн чанх ард 40 гаруй машины авто зогсоол шийдэж өгсөн бөгөөд баяр наадмын үеэр эл зогсоолд хүнс үйлдвэрлэл чиглэлээр асар худалдаа байршуулах ажээ.

Түүнчлэн цэнгэлдэх хүрээлэнг тойруулан байршуулсан 150 мВт-ын лед гэрэл нь зөвхөн тухайн орчмоо л гэрэлтүүлдэг байсан бол шинээр барьсан 16 цамхагт гэрэл нь хүрээлэнг бүхэлд нь гэрэлтүүлэх боломжтой юм байна. Нэмээд есөн жил болсон хиймэл зүлгийг сур, шагайн талбайд шилжүүлэн дэвссэн. Ийн төв талбайд шинээр тоглолт болон спортын тэмцээнд ашиглах боломжтой ФИФА-ийн шаардлага хангасан зүлэг тавьж, гүйлтийн замыг шинэчилжээ. Баяр наадмын тасалбар авч чадаагүй иргэдэд зориулан олон улсын жишгийн дагуу хүрээлэнгийн зүүн хойд талбайд том дэлгэц байршуулан, наадмын шууд дамжуулалтыг хүргэнэ.


Ташрамд дурдахад, Баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр албаныхны хамт наадмын бэлтгэл ажилтай танилцах аж. 





Холбоотой мэдээ