ЗАВХАН: Хутагтуудын мэндэлсний тэгш ой тохиож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-07-18 14:12:33

Улиастай, 2024 оны долоодугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Монгол Улсын тав дахь Ерөнхий сайд Жалханз хутагт Цэдэнсодномын Дамдинбазарын мэндэлсний 150 жил, Дилов хутагт Баашлуугийн Жамсранжавын мэндэлсний 140 жилийн ой энэ жил тохиож байна.


Энэхүү түүхэн ойгоо түүх, судалгаа, эрдэм шинжилгээний хурал, залуу хойч үе, иргэдэд сурталчлан таниулах ажлыг Завхан аймаг зохион байгуулж байна.


Өнгөрсөн сард Завхан аймгийн ЗДТГ-ын захиалгаар Жалханз хутагт Ц.Дамдинбазар, Дилов хутагт Б.Жамсранжав нарын мэндэлсний ойд зориулсан шуудангийн маркийг бүтээж худалдаанд гаргасан байна. Энэ сард соёлын салбарын залуучууд хамтран хутагтуудын өлгий нутгийн иргэдийн өв соёлыг түгээн дэлгэрүүлэх сурталчлах соёлын аяллыг зохион байгуулжээ.


Түүх сөхвөл, Монгол улсын Ерөнхий сайд агсан Жалханз хутагтын 20 дугаар дүр Цэрэнсодномын Дамдинбазарын түмэн өлзий гийсний 140 жилийн ой, Номч мэргэн егүзэр, Цорж, Самади багш, Дэмчиг бурхны хувилгаан Дилов хутагтын 7 дугаар дүр Баашлуугийн Жамсранжавын түмэн өлзий гийсний 130 жилийн ойг тохиолдуулан 2014 онд тухайн үеийн аймгийн Засаг дарга Ж.Жамъянтивийн санаачилга, дэмжлэгээр хутагтуудын гэрэлт дүр, хөшөө дурсгалыг Улиастайн төв хойморт босгосон юм.


XX зууны Монгол төрийн зүтгэлтэн, бурхан шашны томоохон төлөөлөгч энэ хоёр эрхэм хүмүүнийг төр, түүх, түмэн олон ой санамждаа үеийн үед үл мартан дурсаж, бахархан дуурсах гэгээн үйлсийн үнэлэмж болгон өнө мөнхөд алдаршуулах учиртай гэдгийг тухайн үед хөшөөний нээлтийн үеэр онцолж байв.


Жалханз хутагт Цэдэнсодномын Дамдинбазар, Дилов хутагт Баашлуугийн Жамсранжав нар нь Түдэвтэй сумын нутагт орших Ойгон нуурын сав газарт мэндэлжээ.

Эдгээр хутагтуудын мэндэлсэн Ойгон нуурын сонирхолтой түүхийг нутгийн ахмадуудын хуучаас хүргэж байна.

Ойгон нуур нь хуучнаар Засагт хан аймгийн Нөмрөг уулын Загдсамбарын хошууны нутагт оршдог.


Ойгон нуурын арын Баян-Айраг уулын өвөрт Түшлэгийн булаг, Их намаржаа, Бугын толгойтын эх хэмээх газарт Монгол төрийн тамгатай хутагтууд болох “Арь гэгээн”, “Жалханз”, “Дилав” хутагтууд мэндэлсэн гэдэг.


Ойгон нуур нь Завхан аймгийн Түдэвтэй сумын нутагт байдаг ба сумын төвөөс 18 км зайтай оршдог. Нуурт нутгийн Цорго, Жарамтай, Жаргалант, Могой, Харганын голууд цутгадаг бөгөөд эдгээр нь нуурын хөвөөгөөр үзэсгэлэн төгс байдлыг бүрдүүлдэг. Ойгон нуурын эргэн тойронд өндөр, нам толгодууд байдаг ба тэдгээрийн дундуур том, жижиг нийлсэн 108 нуур бий хэмээн нутгийнхан ярьдаг.


Ойгон нуурыг тэтгэдэг 108 нуурын учир...

Ойгон нуурын савдаг нь эмэгтэй хүн байдаг ажээ. Домгоор бол эрт үед нэгэн бадарчин явж байгаад ихэд ядарч цангаад “цай уух юм сан” гэж бодтол нуурын захад гуулин шар домбо харагдаж гэнэ. Очоод үзтэл домбон дотор үнэхээр аагтай шаргал цай байна гэнэ, цангасан бадарчин шууд домботой цайг хөнтрөөд уучихжээ.

Тэгээд цааш алхаад эргэж хартал нууран дотроос нэгэн үзэсгэлэнт бүсгүй гарч ирэн нөгөөх домбоны амсар луу шагайж харчихаад хоосон домбыг тэврээд нуур луу яваад орчихжээ. Бадарчин “би цайг нь лусад үлдээлгүй уучихдаг эргүү толгой” хэмээн үглэсээр явж гэнэ.

Нутгийнхан үүнийг сонсоод үзэсгэлэн төгс нутаг нь усаар гачигдах вий хэмээн эмээж зун болохоор “Хойд шанааны овоо”-г тахиж хур буулгадаг, намар болохоор “Урд шанааны овоо”-г тахиж хур бороог татраадаг уламжлалтай болжээ. Зон олон ийнхүү нуураа тахиж ирснээр эргэн тойронд нь “Ойгон хатан ижий”-д өргөсөн усан тахил буюу 108 нуур үүссэн хэмээн домоглож хуучилдаг байна. Нуурын ар биед “Алтан тэвш” гэх хонхор байдаг боловч тэр болгон хүмүүст таарч харагддаггүй байна. Таарсан хүн дотор нь орж хэвтэх юм бол Баян-Айраг уулын хамгийн өндөр цэг болох “Тугч” орой харагдана, тэр оройг харсан хүн эд баялгаар дэвждэг хэмээн итгэдэг байна. 


Жалханз хутагт С.Дамдинбазар Дилов хутагт Б.Жамсранжав нарын энэхүү хөшөөг  “Чандмань чулуу”  ХХК-ийн сийлбэрч, уран барималч О.Мягмарсүрэн нарын уран бүтээлчид бүтээсэн байна


Ойгон нуурын эрэгт байрлах хутагтуудын гэрэлт хөшөө. Түдэвтэй сум


Ойгон нуурын өвөл


Ойгон нуурын зун


Холбоотой мэдээ