11 аймагт ой, хээрийн түймэр гарчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд 2024 оны долоодугаар сарын 17-ны өдрийн байдлаар 11 аймгийн 36 суманд ой, хээрийн түймэр гарчээ.
Тодруулбал, Булган, Дархан-уул, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс, Төв аймгийн 36 суманд 90 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн байна.
Дээрх ой, хээрийн гал түймэрт ойн 583, хээрийн 684737, нийт 685521 га талбай шатсан байна. Түүнчлэн таван гэр, дөрвөн хашаа, саравч, 19 толгой бог мал өртөж, урьдчилсан байдлаар байгаль экологид 265.7, эд материалын 73.9, гал түймрийг унтраахад 13 сая төгрөг зарцуулж, нийт 353 сая төгрөгийн хохирол учирсан аж.
Онцгой
байдлын байгууллагын алба хаагчид гал түймрээс нэг байшин, 15
гэр, долоон хашаа, саравч,
200 толгой малыг авран хамгаалав. Ой, хээрийн гал түймэр унтраах ажиллагаанд Онцгой байдлын
байгууллагын 798, Хил хамгаалах байгууллагын 98, Цагдаагийн байгууллагын есөн алба хаагчаас гадна орон нутгаас 1527 иргэн ажилласан байна.